М.АНХЦЭЦЭГ Дэлхийн аваргын хоёр дахь медалиа зүүлээ

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Ц.Энхтүвшин . “Таван цагариг”

Тайландын Паттая хотноо болж буй хүндийг өргөлтийн ДАШТ тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Энэ удаагийн ДАШТ нь “Токио-2020” Олимпийн эрхийн оноо цуглуулах “Алтан” зэрэглэлд орж буй болохоор 101 орны 606 тамирчин оролцлоо. Манай улсаас дөрвөн эмэгтэй туйванч шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор хүч сорив.

55 кг-ийн жинд Чулуунбаатарын НЯМЗУЛ 148 кг (огцом өргөлтөөр 65 кг+ түлхэлттэй өргөлтөөр 83 кг) амжилтаар 41 тамирчнаас 38 -д орлоо.

64 кг-ийн жинд Дэлхийн Оюутны АШТ-ий мөнгө, залуучуудын Ази тивийн АШТ мөнгөн медальт, дэлхийн цомын аварга Ганзоригийн АНУУЖИН оролцож, 190кг (огцомд 87 кг+ түлхэлттэйд 103 кг) амжилтаар 42 тамирчнаас 31-д бичигдлээ.

87 кг-ийн жинд Дэлхийн цомын аварга , залуучуудын Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Эрдэнэбатын БИЛЭГСАЙХАН 210кг (огцомд 95 кг+ түлхэлттэйд 115 кг) өргөж, Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

81 кг-ийн жинд Дэлхийн аваргын анхны медалийн эзэн Мөнхжанцангийн АНХЦЭЦЭГ оролцлоо. Тэрбээр үрийн зулай үнэрлээд жил ч болоогүй байгаа боловч энэ хавраас дэвжээндээ эргэн ирж, Азийн АШТ-д амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн. 75 кг-ийн жинд өрсөлддөг байсан Анхаа төрснөөсөө хойш жин өгсөж 81 кг-д хүчээ сорьж байгаа.

Тайландын дэвжээнд Анхцэцэг маань огцмоор 110 кг, түлхэлттэйд 127 кг, нийлбэр нь 237 кг амжилтаар Монгол Улсын рекорд амжилтыг гурван удаа шинэчилсэн. Жиндээ Анхаа нийлбэрээр наймдугаарт бичигдсэн ч огцом өргөлтөөр 110 кг-ийн амжилтаар хүрэл медаль хүртлээ. Огцом өргөлтөөр алт, мөнгөн медаль зүүсэн БНСУ-ын Ли Жи Юн , Ким Су Хён нар 111 кг-ийг өргөсөн.

Хоёр жилийн өмнө Монголын хүндийг өргөлтийн түүхэнд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс анхны медалийг авч түүхэн амжилтын эзэн болж байсан Анхаа маань ийнхүү амжилтаа баталж, дэлхийн хошой медальтан боллоо.

Дашрамд дурьдахад ДАШТ-ээс “Токио-2020” олимпийн эрхийг шууд олгохгүй бөгөөд “Алтан” зэрэглэлийн оноо олгоно. ОУХӨХ-ноос тамирчдад олимпод оролцох эрх олгохдоо 2018 оны ДАШТ болон 2019,2020 оны тэмцээнүүдэд “алтан”,”мөнгөн”,”хүрэл” зэрэглэлээр оноо олгох юм. Тухайлбал тив, дэлхийн аварга шалгаруулах залуучуудын болон насанд хүрэгчдийн тэмцээнд “алтан”, ОУХӨХ (IWF)-ноос зохион байгуулдаг тэмцээнүүд болон тив, бүсийн наадмуудад “мөнгөн”, олон улсын тэмцээнд “хүрэл” зэрэглэлийн оноо олгоно.

“Токио-2020” олимпын эрхийг жин тус бүрт 14 тамирчинд олгох ба нэг жинд нэг улсаас нэг л эрх олгох юм. 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар ОУХӨХ-ны чансаагаар жин тус бүртээ эхний наймд орсон олимпын эрх шууд авах бөгөөд дараагийн таван эрхийг тивүүдэд хуваан олгох ажээ.

Үлдсэн нэг “суудлыг” зохион байгуулагч оронд 6 жинд, үлдсэн найман жинд “гурвалсан” комиссын шийдвэрээр урилга олгох юм.

М.АНХЦЭЦЭГИЙН АМЖИЛТУУД:

2014 он. Өсвөр үеийн Азийн АШТ. Мөнгөн медаль

2014 он. Залуучуудын Азийн АШТ. Хүрэл медаль

2015 он. Дэлхийн цом. Хүрэл медаль

2016 он. Азийн АШТ. Алтан медаль (Монголын хүндийг өргөлтийн түүхэн дэх анхных)

2016 он. Залуучуудын Дэлхийн АШТ. Алтан медаль(Монголын хүндийг өргөлтийн түүхэн дэх анхных)

2016 он. Оюутны Дэлхийн АШТ. Алтан медаль(Монголын хүндийг өргөлтийн түүхэн дэх анхных)

2017 он. Залуучуудын Азийн АШТ. Алтан медаль(Монголын хүндийг өргөлтийн түүхэн дэх анхных)

2017 он. Азийн тулааны урлаг болон Танхимын наадам. Алтан медаль(Монголын хүндийг өргөлтийн түүхэн дэх анхных)

2017 он. Дэлхийн АШТ. Хүрэл медаль.( Монголын хүндийг өргөлтийн түүхэн дэх анхных)

2019 он. Азийн АШТ. Мөнгөн медаль.

2019 он. Дэлхийн АШТ. Хүрэл медаль.( Монголын хүндийг өргөлтийн түүхэн дэх анхны хошой медальтан)

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
амаржаргал(66.181.161.14) 2019 оны 10 сарын 01

Хүндийн өргөлтийн баг тамирчид та бүхэндээ 2020 онд аварга төрүүлж ирэх их амжилт хүсэн ерөөе

0  |  0
ZOCHIN(180.150.82.98) 2019 оны 09 сарын 27

BAYR HURGIE.ENE SPORTIIN TULUU TURCHIHSUN YMUUDAA....ZUTGEEREI...

0  |  0
Одагжж(150.129.141.139) 2019 оны 09 сарын 27

Агуу охиндоо анхаа

0  |  0
Top