Олимпын алтан медаль ямар үнэтэй вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Олимпын наадамд амжилт гаргасан тамирчдаа шагнаж, урамшуулдаг уламжлал ихэнх улсад бий. Эх орныхоо нэрийг гаргаж, энэ дэлхийд сурталчилсан гавьяаг нь үнэлж байна гэж хэлэхэд болно. Түүнээс биш яг жүдо, хөлбөмбөгт ч юм уу гаргасан амжилтыг нь дүгнэж байна гэж хэлж болохгүй.

Улс орон болгонд улсынхаа нэр төрийг сурталчилж, дэлхий дахинд таниулахын тулд төсөвлөсөн хөрөнгө мөнгө байдаг. Харин тамирчид бөмбөрцгийн хамгийн том баяр цэнгэл болох олимпын наадамд медаль аван, төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандуулна гэдэг ямар ч албан ёсны сурталчилгаанаас илүү үр дүнтэй. Тиймээс ч олимпын тамирчдаа алдаршуулан шагнах нь зүйн ёсны хэрэг. Энэ шагнал улс орон болгонд өөр. Манай улсад Засгийн газраас олимпын наадамд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчинд тус бүр 120 сая, 60 сая, 30 сая төгрөг олгодог.

Тэгвэл Их Британид олимпын аварга нэр хүндээс өөр юу ч авдаггүй, харин Сингапурт насаараа амьдрах хөрөнгөтэй болдог гэнэ. Их Британиас гадна Норвег, Швед, Хорват улс медальтнуудад урамшуулал өгдөггүй. ОХУ алтан медальд 4 сая, мөнгө 2.7 сая, хүрэл медальд 1.7 сая рубль олгодог. Лондоны олимпоос хойш шагналын хэмжээ нэмэгдээгүй ч медальтнуудад орон нутгаас нь орон сууц, машин, шагналын мөнгө өгдөг нь Монголтой тун ижил. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Станууд шагнал сайн өгдөг орнуудын тоонд багтдаг.
 


Эртний Грект олимпын аваргуудыг шагнаж урамшуулдаг байсан бол МЭӨ 500 оноос аваргуудад 500 драхм албан ёсоор өгдөг болсон нь их хэмжээний мөнгөнд тооцогдож байв. Тэр үед олимпын аваргуудад хөшөө босгон, нийтийн хоолны газарт насан туршид нь үнэгүй хооллож, театрын хамгийн эхний эгнээнд суух эрх олгодог байжээ. Орчин үеийн олимпын хөдөлгөөнд аваргуудыг мөнгөөр шагнахыг хориглосон байсан ч 1980 оноос цуцалснаар тамирчид олимпын медалийн төлөө жинхэнэ дайтдаг болсон билээ. Ирэх жилээс улс орнууд “Токио 2020” олимпын медалийн шагналын хэмжээгээ зарлаж эхэлнэ. Ингээд өнгөрсөн Риогийн олимпын медальтнууд ямар шагнал авсныг сонирхоцгооё.
 


 “РИО 2016” ОЛИМПЫН АЛТАН МЕДАЛИЙН ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ
 


Спортын 10 их гүрэн
 

1.    АНУ - 25000 ам.доллар

2.    Хятад - 50000 ам.доллар

3.    Их Британи - Шагнал өгдөггүй

4.    ОХУ - 60000 ам.доллар

5.    Герман - 20000 ам.доллар

6.    Өмнөд Солонгос - 32000 ам.доллар

7.    Франц - 65000 ам.доллар

8.    Ямайка - Тоо баримт байхгүй

9.    Итали - 168000 ам.доллар

10.    Украин - 125000 ам.доллар


ХУУЧИН ЗХУ-ЫН БҮРЭЛДЭХҮҮНД БАЙСАН УЛСУУД
 

1.    Азербайжан -510.000 ам.доллар

2.    Казахстан - 250.000 ам.доллар

3.    Узбекистан - 200.000 ам.доллар

4.    Латви - 156.000 ам.доллар

5.    Беларусь - 150.000 ам.доллар

6.    Молдав - 150.000 ам.доллар

7.    Украин - 125.000 ам.доллар

8.    Кыргызстан - 105.000 ам.доллар

9.    Гүрж - 72.000 ам.доллар

10.    ОХУ - 60.000 ам.доллар


“РИО 2016” ХАМГИЙН ӨНДӨР ШАГНАЛТАЙ УЛСУУД
 

1.    Сингапур - 745000 ам.доллар

2.    Тайвань - 628000 ам.доллар

3.    Азербайжан - 510000 ам.доллар

4.    Индонез - 382000 ам.доллар

5.    Тайланд - 314000 ам.доллар

6.    Казахстан - 250000 ам.доллар

7.    Малайз - 249000 ам.доллар

8.    Филиппин - 237000 ам.доллар

9.    Узбекистан - 200000 ам.доллар

10.    Итали - 168000 ам.доллар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top