Бэлтгэсэн: Ц.Энхтүвшин . “Таван цагариг”
Катарын Доха хотноо хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эхний гурван өдрийн дараахь байдлаар 18 орны тамирчин медаль хүртэж, 6 улс аваргатай болоод байгаа юм.
Эрэгтэй 100 метр: Домогт Усайн Болтыг зодог тайлснаас энэ зай “өнчирч”, хөнгөн атлетик өөрийн “баатараа” хайсаар байгаа. Мэдээж дэлхийн хамгийн хурдан хүн буюу эрэгтэй 100 метрийн аварга олны анхаарлыг хамгийн ихээр татдаг. Тиймээс ч энэ зайд “ноёрхолоо” тогтоож чадвал супер од боллоо гэсэн үг. Өмнөх дэлхийн аварга АНУ-ын Жастин Гэтлин бол “Цахилгаан” Болтыг залгамжлах нь өнгөрсөн. 37 настайдаа ч биш өмнө нь допингийн зөрчил гаргаж хоёр ч удаа шийтгэл хүлээж байсан болохоор үзэгчид, хөгжөөн дэмжигчид төдийгүй , спонсор байгуллагууд ч түүнээс зай барьдаг. Харин энэ жил 23 настай АНУ-ын Кристиан Коулмэнд боломж байгаа юм. Гэхдээ өмнөх ДАШТ-д мөнгө авч, 60 метрт дэлхийн рекорд эзэмшиж буй Коулмэн бас л допингийн “асуудалд” орсон. Бүүр ДАШТ-д оролцох нь бүү хэл доод тал нь жил эрхээ хасуулах шийтгэл ирж ч мэдэхээр байсан ч ёстой л азаар , мөн овсгоотой өмгөөлөгчийн ур чадварын ачаар шийтгэлгүй үлдэж чадсан билээ. Тэрбээр тэмцээний бус үеийн допингийн шинжилгээг гурван удаа “тасалсан”. Гэвч нэг жилийн дотор биш гэсэн заалтын ачаар аврагдсан билээ.
Ийм л хоёр “асуудалтай” нөхрийн хооронд 100 м-ийн гол өрсөлдөөн өрнөсөн ч залуу насны эрч хүчээр Коулман түрүүлж, дэлхийн аварга боллоо. 2004 онд Гэтлинийг олимпын аварга болж байхад бишрэн харж байсан 8 настай “пацаан” ийнхүү өнөөдөр өнөөх шүтээнтэйгээ мөр зэрэгцэн уралдаж, сүүлийн хоёр ДАШТ-ий алт, мөнгөн медалийг ээлжлэн хүртлээ.
37 настай Гэтлин хэдийгээр алдаж, онож явсан ч бас л аргагүй “хурдан буян” гэдгээ харуулж, ДАШТ-ээс 9 дэх медалиа (3 алт, 6 мөнгө) зүүлээ. Мөн түүнд Олимпийн нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль бий.Нэгэнт л шийтгэлээ хүлээгээд , эрхээ хасуулаад эргэн ирснээс хойш “муу” Гэтлин бас ад үзээд ч яахав дээ.
Эмэгтэй 100м: Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэй 100 м эн тэнцүү өрсөлдөгч олонтой, дээр нь бараг л бүгд нэр цэвэр. Гэсэн хэдий ч бүх шилдгүүд финалд уралдаж чадсангүй. “Рио-2016” Олимпын аварга, мөнгө , хүрэл медальт, дэлхийн хошой аварга АНУ-ын Тори Боуи хагас шигшээд шалгарсан ч гараанд гарсангүй. Мөн Олимпийн мөнгө, ДАШТ-ий хошой аварга, мөнгө, хүрэл медальт, Европын шилдэг ойрын зайн гүйгч финалд шалгарсан ч мөн гараанд жагссангүй. Ингээд гол өрсөлдөөн Олимпын хошой аварга, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Ямайкийн Элейн Томпсон, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Кот д Иваурын Мари Жози Та Лу, Олимп, дэлхийн хошой аварга Ямайкийн Шелли-Энн Фрэйзер-Прайс, Олимпын хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Их Британий Дина Эшер нарын хооронд өрнөх нь тодорхой боллоо.
Гараанаас Та Лу, Фрэйзер-Прайс нар маш сайн гарсан бөгөөд олимп, дэлхийн аварга маань эрчээ алдалгүй гүйсээр дэлхийн аварга цолоо эргүүлэн авлаа. Удахгүй 12 дугаар сард 33 нас хүрэх Фреэйзер-Прайс ийнхүү ДАШТ-ий 10 дахь медалиа (8 алт, 2 мөнгө) хүртлээ. Тэрбээр мөн Олимпын хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтай бөгөөд хөнгөн атлетикийн бас л нэг домог боллоо доо.
Дэлхийд хоёр үзүүрлэсэн “мөнгөн” Та Лу энэ удаа хүрэл дээр буув. Барианд түүний өмнө Эшер гишгэлээ.
4х400 м -ийн холимог буухиа гүйлт:
ДАШТ-ий хөтөлбөрт анх удаа орсон энэ зайд АНУ-ын баг Дэлхийн рекордыг хоёронтоо шинэчлэн тогтоов. Урьдчилсан уралдаанд тэд 3:12,42 гүйсэн бол финалд Америкчууд 3 мин 09,34 секундын амжилтаар дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
АНУ-ын багийн бүрэлдэхүүнд домогт Эллисон Феликс гүйж, ДАШТ-ий 12 дахь алтан медалиа зүүлээ. 2017 оны ДАШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртээд 19 жил завсаргүй гүйсэн их спортоосоо түр завсарлага авч , 2018 оны арваннэгдүгээр сард охин төрүүлэн ээж болсон билээ. Хэдийгээр кесарево хагалгаа хийлгэн, хүндрэлтэй төрсөн ч ердөө сар хагасын дараа л бэлтгэлдээ эргэн орж, өнгөрсөн 5 дугаар сард албан ёсоор тэмцээнд оролцсон. Ийнхүү 10 сартай охинтойгоо Катарт ирсэн Феликс дэлхийн АШТ-ий бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон алтан медаль(12)-тай хөнгөн атлетикч болж, аугаа Усайн Болтын өмнө бичигдэх боллоо. ДАШТ-ээс хүртсэн нийт медалийн тоогоор ч Эллисон 17 медальтай (12 алт, 3 мөнгө, 2 хүрэл)тасархай . Түүний араас “Цахилгаан” Болт 14 медаль(11 алт, 2 мөнгө, нэг хүрэл) бичигдэж байна даа.
Эллисон Феликс мөн Олимпын зургаан алт, гурван мөнгөн медальтай гэхээр юу ч ярих вэ дээ энэ бүсгүйтэй. Тэрбээр “Доха-2019” -д өөрийн үндсэн зай 200м, 400м-т уралдахгүй боловч “Миний зорилго-2020” хэмээн хэлсэн. Тэгэхээр домогт энэ гүйгчийг бид Токиогийн уралдааны замд дахин харах нь ээ.
Эмэгтэй 10 км-ийн гүйлт: Энэ зайд 1997 оноос хойш Африкийн гүйгчид, бүр тодруулбал Этиоп, Кенийн бүсгүйчүүд 11 дэлхийн аварга дараалан бусдад түрүү алдаагүй, ноёрхож байлаа. Харин энэ удаа алтан медалийг Холландын 25 настай Сифан Хассан африкчуудаас “булаан” авлаа. Гэхдээ улсынх нь нэр л Холланд болохоос угтаа бол Сифан Хассан бол 2008 онд Холландад дүрвэж ирсэн Этиопод төрсөн бүсгүй юм.
Спорт алхаа: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад шөнө дунд явагдаж буй спорт алхааны төрөлд Азийн тамирчид , ялангуяа Хятадын тамирчид хамаг медалийг хамж байна. БНХАУ-ын тамирчид эмэгтэй 50 км-ийн зайд алт, мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэй 20 км-ийн зайд шагналын тавцанд бүгд хятад тамирчид зогслоо. Мөн эрэгтэй 50 км-ийн зайд Японы Юсукэ Сузуки аварга болсон.
Эрэгтэй уртын харайлтад Ямайкийн тамирчин анх удаагаа ДАШТ-ий алтан медаль хүртэж байгаа бол эмэгтэй дүүгүүрт АНУ-ын тамирчин мөн анх удаагаа түрүүллээ.
Эрэгтэй гурвын харайлт:
Энэ зайд олимпийн хошой мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Америкийн Уилл Клэйг түрүүлнэ гэсэн таамаг маш их байлаа. Учир нь Клэй өнгөрөгч долдугаар сард 18,14 метрийн амжилт үзүүлсэн. Гурвын харайлтын түүхэнд үүнээс өндөр хоёрхон амжилт л байдаг гэхээр Клэйг аварга болно гэхэд хэн ч эргэлзэхгүй байсан биз ээ. Гэвч дэлхийн АШТ-ий дэвжээ хатуу гэдгийг бүгд харлаа. Энэ зайд Клэйн нутаг нэгт Кристиан Тэйлор 17,92 м харайж дэлхийн аварга болсон бол Клэй дахиад л мөнгө зүүлээ.
Ийнхүү “Доха-2019” хөнгөн атлетикийн ДАШТ дэлхийн рекордтой, дээд амжилттай, сонин хачин ихтэй, түүхэнд бичигдэх тодотгол ихтэй үргэлжилж байна. Эхний гурван өдрийн дараахь байдлаар багийн дүнгээр АНУ 8 (4 алт, 4 мөнгө, 0 хүрэл), БНХАУ 6 (2 алт, 2 мөнгө, 2хүрэл), Ямайка 3 (2 алт, 1 мөнгө, 0 хүрэл) медальтай явна.
“ДОХА-2019” ДАШТ-ий медальтнууд
(2019.09.29-ний байдлаар)
Марафон (эм):
1. Р. Чепнгетич (Кени) 2 цаг:32мин:43 сек
2. Р.Челимо (Бахрайн ) 2 цаг:32мин:46 сек
3. Х. Йоханнес (Намиби) 2 цаг:34мин:15 сек
Дүүгүүр (эм):
1. Д.Прайс (АНУ) 77,54 м
2. И.Фёдоров(Польш) 76,35 м
3. Ван Жэн(Польш) 74,76 м
Уртын харайлт(эр):
1. Т.Гэйл (Ямайка) 8,69 м
2. Ж:Хендерсон (АНУ) 8,39м
3. Х-М. Эчеварриа(Куба) 8,34 м
10 км (эм):
1. С.Хассан (Холланд) 30мин:43,62 сек
2. Л.Гидей (Этиоп) 30мин:21,23 сек
3. А-Ж.Тироп(Кени) 30мин:25,20 сек
100м (эр):
1. З.Коулмэн (АНУ) 9,76 сек
2. Ж.Гэтлин (АНУ) 9,89 сек
3. А. Де Грасс(Канад) 30мин:25,20 сек
50 км спорт алхаа (эр):
1. Ю.Сузуки (Япон) 4 цаг: 04 мин:20 сек
2. Л.Гидей (Португал) 4 цаг :04мин:59 сек
3. Э.Данфи(Канад) 4 цаг: 05 мин:02сек
Тулгууртай харайлт (эм):
1. А.Сидорова (ОХУ) 4,95 м
2. С.Моррис (АНУ) 4,90 м
3. К.Стефанди(Грек) 4,85 м
Гурвын харайлт (эр):
1. К.Тэйлор (АНУ) 17,92 м
2. У.Клэй (АНУ) 17,74 м
3. Х-Ф. Занго(Буркино Фасо) 17,66 м
4х400 м (холимог буухиа):
1. АНУ 3 мин: 09,34 сек(Дэлхийн рекорд)
2. Ямайка 3 мин:11,78 сек
3. Бахрайн 3мин:11,82 сек
100 м (эм):
1. Ш-Э.Фрэйзер-Прайс (Ямайка) 10,71 сек
2. Д.Эшер (Их Британи) 10,83 сек
3. М-Ж. Та Лу(Кот д Ивуар) 10,90 сек
20 км спорт алхаа (эм):
1. Ли Хун (БНХАУ) 1 цаг: 32 мин:53 сек
2. Д.Эшер (БНХАУ) 1 цаг: 33 мин:10 сек
3. М-Ж. Та Лу(БНХАУ) 1 цаг, 33 мин,17 сек
Сэтгэгдэл ( 0 )