Дүрвэгсдэд зориулж хөшөө бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Ватиканы Гэгээн Питерийн талбай дээр Ромын Пап Франсис дэлхий дээрх дүрвэгч, цагаачдад зориулсан хөшөөг албан ёсоор нээжээ. “Үл мэдэгдэх сахиусан тэнгэр” нэртэй энэхүү хөшөө нь Гэгээн Питерийн талбай дээр сүүлийн 400 жилд анх удаа босгосон хөшөө юм. Нацист Германаас дүрвэж буй еврейгээс авхуулаад иргэний дайнаас зугтаж буй Сирийн дүрвэгч хүртэл нийт 140 дүрвэгч, цагаачдыг дүрсэлсэн энэхүү бүтээл гурван тонн жинтэй.

Зургаан метр өндөр хөшөөг Канадын зураач Тимоти Шмальц Ватиканы цагаач, дүрвэгчдийн асуудал эрхэлсэн газрын захиалгаар бүтээжээ. Хөшөөний нэр нь Есүсийн  12 дагалдагчийн нэр Павелын еврейчүүдэд хандан “Танихгүй хүнийг найрсгаар зочлохоо бүү март, учир нь зарим нь өөрсдөө ч мэдэлгүйгээр сахиусан тэнгэрт үйлчилсэн байж болох” гэж хэлсэн үгнээс сэдэвлэжээ.

Шмальцын хэлснээр, тэрээр түүхэн бүхий л үед байсан дүрвэгч, цагаачдыг бүгдийг багтаахыг хичээжээ. Бернинийн 140 баганатай хослуулах зорилгоор 140 хүнийг дүрсэлжээ. Тэдний дунд Есүс Христийн эцэг Жозеф, эх Мариаг мөн дүрсэлжээ. Завинд суусан “Үл мэдэгдэх сахиусан тэнгэрүүд” Гэгээн Питерийн цогчин дуганы зүг сэлж буйгаар дүрсэлсэн нь тэднийг халуун дотноор хүлээн авна гэх утгыг агуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top