Ватиканы музей эмч нарт талархал илэрхийлж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Коронавирусний цар тахалтай тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал болгон Ватикан хот улс дэлхийд алдартай Ватиканы бүх музей, Ромын Пап ламын зуны цогцолборыг тэдэнд үнэгүй үзүүлэхээр шийджээ.

Италийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүхий л улсын болон хувийн эмнэлгийн эмч, сувилагч нар гэр бүлийн гишүүдийн хамтаар Ватиканы бүх музейн шилдэг үзмэрүүдийг энэ сарын 8-13-ны хооронд үнэгүй үзэх боломжтой бол Ромын Пап ламын эдлэн энэ болон ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд тэдний өмнө үүд хаалгаа нээх гэнэ. Ийм хэлбэрээр Ватикан дэлхий нийтийн хамт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад талархсан сэтгэлээ илэрхийлж байна. Энэ энгийн хэрнээ утга төгөлдөр алхам нь урлаг, анагаах ухаан хоёр хүний төлөө гэсэн нэг зорилгоор холбогддог гэсэн итгэл үнэмшлийг илэрхийлж байна гэж Ватикан хот улсын захиргаа мэдэгджээ.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын тархалттай тэмцэх үүднээс өнгөрсөн гуравдугаар сарын 10-наас эхлэн Гэгээн Питерийн сүм, Ватиканы бүх музей, археологийн дурсгалт газар үүдээ барьж, энэ долоо хоногоос эхлэн дахин нээгдэж байна. Италийн эмч нарын холбооны мэдээллээр, коронавирусний халдварын улмаас тус улсад 167 эмч, эмнэлгийн ажилтан нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top