Ромын Пап Фрэнсис Ватикан өөрийн алдарт “Нууц Архив”-ынхаа нэрийг албан ёсоор өөрчилсөн тухай мэдэгджээ.
Олон зууны турш Ватиканы Пап нарын түүхийг мөнхөлсөн архивын нэрийг “Ватиканы Папын архив” гэж нэрийдэх болжээ. Архивын нэрийг “Motu Proprio” гэгдэх зарлигийн дагуу ийн өөрчилснөөр энэхүү архивын талаарх олны дунд өргөнөөр тархсан сөрөг болон хар шидийн гэж үздэг бодлыг өөрчилнө гэж Ромын Пап найдаж буйгаа илэрхийлжээ.
“Нууц архив” гэсэн латин нэрийг буруу орчуулснаас болж анхнаасаа хүмүүсийг төөрөгдөлд оруулсан. Латинаар "archivum secretum", "secretum" гэдэг үг нь далд, хувийн, нууцлаг, алс, тусдаа гэсэн утгыг агуулдаг. Гэсэн хэдий ч латины архив гэсэн үг нь хүн бүрд зориулаагүй гэсэн утгыг агуулдаг” гэж Ромын Пап Фрэнсис тайлбарлажээ.
Олны сонирхлыг үргэлж татаж ирсэн тус архивыг Ромын Пап V Пол 17-р зууны эхээр үүсгэжээ. Архивын материалууд хадгалагдаж буй тавиуруудын нийт урт 85 км байдаг бөгөөд зарим материалууд газар доорх байгууламжид мөн хадгалагддаг байна.
Архивд наймаас хорьдугаар зууны үед хамаарах Ватиканы засгийн газартай холбоотой материалууд байдгаас заримыг нь 1881 оноос хойш судлаачдын хүртээл болгосон байна.
Гэхдээ судлаачдад Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс өмнө үе буюу 1939 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд хамаарах тодорхой материалуудыг судлах зөвшөөрөл олгодог аж. 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Ромын Пап XII Пийгийн маргаан дагуулсан үеийн /1939-1958/ материалуудыг олны хүртээл болгох юм. Ингэснээр нацист Герман болон бусад фашист дэглэмийн эсрэг тэмцэж чадаагүй хэмээн олны шүүмжлэлд өртдөг XII Пийгийн нэрийг цагаатгах боломжтой гэж Ромын Пап Фрэнсис ярьжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Ватикан төвийг сахисан байр суурийг баримталж байсан ч Германы католик болон протестант сүмүүд бодит байдал дээр үүнийг баримталдаггүй байсан гэж Германы зарим хуврагууд үздэг байна.
Сэтгэгдэл ( 0 )