Ромын католик сүмийн шинэ тэргүүнээр АНУ-ын 69 настай кардинал Роберт Превост сонгогджээ. Тэрбээр XIV Лео нэрийг сонгосон байна.
Гэгээн Питерийн сүмийн тагтнаас хурсан олонд хандаж Пап лам XIV Лео хүмүүст Христос гүүр мэт хэрэгтэй. Эл гүрээр тэд бурханд, түүний хайранд хүрэх юм. Бие биедээ гүүр барихад нь тусалъя гэжээ.
Шинэ Ромын пап тодорсонд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп баяр хүргэж, АНУ-ын иргэн анх удаа Ромын папаар тодорсон нь нэр төрийн хэрэг гэж олон нийтийн сүлжээндээ бичжээ.
Орон нутгийн цагаар 18.00 цагт Сикстиний сүмийн яндангаас цагаан утаа суунаглаж, хонхнууд дуугарснаар Ромын пап ламыг сонгосныг мэдэгдсэн байна. Гэгээн Питерийн сүмийн талбайд 40 мянга орчим хүн цугларсан байжээ.
Роберт Превост Чикаго хотын уугуул. Тэрбээр ихэнх хугацаанд Перуд шашны номлогчоор ажиллаж байжээ. Пап лам XIV Лео 2023 онд кардинал болсон байна.
Ромын пап лам Фрэнсис таалал төгссөний дараа кардиналууд конклавт оролцохоор Ватиканд дэлхийн өнцөг булан бүрээс иржээ. Түүхийн явцад конклав хэдэн хоногоос хэдэн сараар үргэлжилдэг байжээ. Хамгийн удаан нь гурван жил /1268-1271/ үргэлжилсний эцэст Ромын пап Х Григорийг сонгож байжээ. Харин хамгийн богино буюу 10 цаг үргэлжилсэн конклав 1503 онд II Юлий пап ламыг сонгож байжээ. Харин сүүлийн үед Ромын пап ламыг сонгох конклав богино хугацаанд үргэлжлэх болсон байна.
Өнөөгийн конклав нь түүхэн дэх хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй. Нийт 252 кардинал багтаж байгаа хэдий зөвхөн 80-аас доош насны кардиналууд санал өгөх эрхтэй. Ийм эрхтэй кардинал нь 135 байна. Хамгийн залуу кардинал нь 45 настай аж.
Сэтгэгдэл ( 1 )
PERU AMERIKIIN DAVHAR IRGEN TEGEHDEE PERUD AJILLAJ AMIDARCH BSAN HUN SHUU