Нидерландын метроны галт тэрэг замын төгсгөлд зогсож чадаагүйн улмаас өндөр гүүрнээс унах дөхжээ. Галт тэрэгний жолоочийг халимны сүүлний хэлбэр бүхий аварга том хөшөө аварсан байна. Галт тэрэгний бүрэлдэхүүн халимны сүүлэн хэсэгт тогтож үлджээ.
Осол тус улсын Роттердам хотын зэргэлдээх Спейкенисс хотын “Де Аккерс” метроны буудал орчим гарсан байна. Нидерландын архитектор, уран барималч Маартен Струйсын энэ инстолляц байгаагүй бол галт тэрэг 10 метрийн өндрөөс ус руу унах байв.
Орон нутгийн эрх баригчид өдгөө галт тэргийг доош нь хэрхэн буулгах талаар арга хэмжээ авахаар зэхэж байна гэж орон нутгийн NOS суваг мэдээлжээ.
Галт тэрэгний жолооч өндөрт тогтсон галт тэрэгнээсээ өөрөө гарсан байна. Тэрбээр ямар нэгэн бэртэл, гэмтэл аваагүй гэнэ.
“Халимны сүүл” нэртэй хуванцраар бүтээсэн эл хөшөөг 2002 онд босгожээ. Уран барималч Маартен Струйс NOS сувагт өгсөн ярилцлагадаа бүтээл нь ийм бат бөх болсонд гайхаж, бахархаж буйгаа илэрхийлжээ. “20 жил болсон хуванцар баримал нурах боломжтой байсан. Гэрэл зургийг нь хараад миний бүтээл ингэж харагдах юм чинээ бодсонгүй гэж” тэрбээр ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Нидерландчууд хөшөө босгох урлагт мэрэгжлийн байр сууринаас ханддаг. Бас тэнд инженерийн төгс шийдэл бүхий аварга байгууламжууд зөндөө байдаг. Эмчилгээ сувилгаа ер нь нийгмийн аливаа асуудал нь дандаа хүмүүсийн сайн сайхны төлөө чиглэгдсэн байдаг.