Мексикийн Спортын яамнаас мэргэжлийн боксын хүнд жингийн WBA, WBO, IBF, IBO холбооны аварга Энди Руист “Токио 2020” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох санал тавьсныг Энди хүлээн зөвшөөрсөн.
Харин мэргэжлийн боксын WBC холбооноос Токиогийн олимпын наадамд оролцох мэргэжлийн боксчдод шийтгэл онооно гэдгээ зарлалаа. Тус холбооны тэргүүн Маурицио Сулейман “Манай холбооноос мэргэжлийн тамирчдыг олимпын наадамд оролцохыг эсэргүүцэж байгаа. Олимпын бокс мэргэжлийн боксоос ялгаатай, өөр спортын төрөл. Нэг рингэнд гарч тулалдах нь сонирхогч тамирчдын эрүүл мэндэд аюултай. Олимпын наадамд оролцохоор шийдсэн мэргэжлийн боксын ямар ч аваргыг бид доод тал нь хоёр жил тулалдах эрхийг нь хасаж шийтгэнэ” гэж мэдэгдсэн байна.
2016 оны Риогийн олимпод мэргэжлийн боксчид оролцсон боловч хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь дэлхийн аварга асан Амнат Руенронг байлаа. Тэр шигшээ наймд шалгараад хүнд цохилтоор ялагдсан билээ. Гэвч саяхан ОХУ-д болсон сонирхогчдын боксын ДАШТ-д Узбекистаны мэргэжлийн боксчин Баходир Жалолов (6-0, мэргэжлийн рингэнд 6 тоглож, 6 удаа хүнд цохилтоор ялсан) сонирхогчдын боксын элитүүдийг хүнд цохилтоор ялсаар түрүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )