Ц.Энхтүвшин , “Таван цагариг”
Катарын Доха хотноо үргэлжилж буй хөнгөн атлетикийн ДАШТ “замынхаа” хагасыг тууллаа. Тэмцээний тав дахь өдөр буюу аравдугаар сарын нэгэнд дөрвөн зай, төрлийн медалийн эзэд тодорсон.
Энэ өдрийн хамгийн сонирхолтой өрсөлдөөн гүйлтийн замд бус “агаарт” боллоо. Эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын алтан медалийн төлөө “дуэль” АНУ-ын тамирчин , 2017 оны дэлхийн аварга, Олимпын хүрэл медальт Сэм Кендрикс, Шведийн 19 настай залуу тамирчин, өсвөр үеийн болон залуучуудын дэлхийн аварга Арманд Дуплантис нарын хооронд өрнөв. Нэг нэгнийхээ давсан өндрийг дагаж давсаар хоёр тамирчин 5,97 метрт хүрлээ. Хоёулаа эхний хоёр оролдлогоо амжилтгүй гүйцэтгэв. Гурав дахь оролдлогоороо Дуплантис 5,97 дээгүүр амжилттай давлаа. Кендриксийн гурав дахь оролдлого. Амжилтгүй болбол швед хүү дэлхийн аварга болно. Гэвч дэлхийн аварга буйр зааж, давлаа. Тэмцэл цааш үргэлжлэв.Одоо хөндлөвч 6,02 м болсон. Хоёр тамирчин ээлжлэн энэ өндрийг давах гэж оролдсоор. Харамсалтай нь аль аль нь чадсангүй. Ингээд 5,92 м -ийг анхны оролдлогоороо давснаараа (Дуплантис энэ өндрийг гурав дахиараа давсан) Сэм Кендрикс дэлхийн хошой аварга боллоо. ЗХУ-Украины домогт тулгууртай харайгч Сергей Бубка хамгийн сүүлд 1997 онд дараалсан зургаа дахиа дэлхийн АШТ-д түрүүлснээс хойш энэ төрөлд дэлхийн аварга цолоо баталсан харайгч нэг ч гараагүй байсан билээ.
Мөнгөн медаль зүүсэн Армандын өмнө ихээхэн ирээдүй хүлээж байна. Түүний аав нь АНУ-ын тулгууртай харайгч байсан бөгөөд одоо хүүгээ дасгалжуулдаг бол ээж Хелена нь Шведийн долоон төрөлт волейболын тамирчин байсан ажээ.
Эмэгтэйчүүдийн жад шидэлтэд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Люй Хуйхуй дахин нэг хүрэл медаль зүүсэн бол түүний нутаг нэгт, Азийн аварга Лю Ши Инь дэлхийн АШТ-ээс анхны мөнгөн медалиа авч, харин Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын мөнгө, хүрэл медальт Австралийн Келси-Ли Барбер энэ төрлөөр дэлхийн аварга болсон Австралийн анхны тамирчин боллоо.
Эрэгтэйчүүдийн 800м -ийн гүйлтэд Донован Брэйзер дэлхийн аварга болсон төдийгүй ДАШТ-ий болон Хойд Америкийн рекордыг шинэчлэв. Энэ зайд АНУ-ын тамирчин анх удаагаа ДАШТ-ий алтан медаль хүртэж буй нь энэ.
ДАШТ-ий тав дахь өдрийн медальтнууд:
Тулгууртай харайлт (эр)
1. Сэм Кендрикс (АН) — 5,97
2. Арманд Дуплантис (Швед) — 5,97
3. Петр Лисек (Польша) — 5,87
800 м (эр)
1. Донован Брэйзер (АНУ) — 1.42,34
2. Амель Тука (Босни ба Герцеговина) — 1.43,47
3. Фергюсон Черуйот Ротич (Кени) — 1.43,82
200 м (эр)
1. Ноа Лайлз (АНУ) — 19,83
2. Андре де Грасс (Канад) — 19,95
3. Алекс Киньонес (Эквадор) — 19,98
Жад шидэлт (эм)
1. Келси Ли Барбер (Австрали) — 66,56
2. Лю Ши инь (БНХАУ) — 65,88
3. Лю Хуэйхуэй (БНХАУ) — 65,49
Сэтгэгдэл ( 1 )
Тулгууртай хариалтын төрөлд ОХУ, АНУ-ын тамирчид гол өрсөгдөгчид байсаар ирсэн. Алдарт С.Бубка-гаас хойш АНУ-ын Сэм Кендрикс дэлхийд дараалан түрүүлж чадлаа. Эмэгтэйчүүдийн төрөлд алдарт Елена Исинбаева-н залгамж болж ОХУ-ын Анжелика Сидорова түрүүллээ. \n