“Монполимет” компанийн 10 тэрбум төгрөгийг хаасан тушаалыг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Монголбанкны Эрсдэлийн сангаас Монполимет ХХК-ийн 10 тэрбум гаруй төгрөгийг хаасан нь хууль зөрчсөн гэсэн асуудлаар хуульч, өмгөөлөгч Д.Хишигбаяр, Н.Бямбадорж нар  Монголбанкинд шаардлага хүргүүлээд байсан. Тэгвэл шаардлага тавьсан хуульч нарт Монголбанкнаас хариу мэдэгдэл ирүүлсэн байна.

ХАРИУ МЭДЭГДЭЛД: 

 “Монголбанкны тайлан тэнцэлд бүртгэлтэй Монполимет ХХК-ийн авлагыг болзошгүй алдагдлын нөөц сангаас хааж, уг чанаргүй активыг тэнцлийн гадуур дансанд бүртгэхээр арга хэмжээ авахаар гаргасан Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны А-302 дугаар тушаал нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох журмын хүрээнд гарсан шийдвэр бөгөөд тус тушаал гарснаар Монполимет ХХК-аас авах авлага дуусгавар болоогүй, Монголбанкны авлагын дансанд байгаа ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул тушаалын холбогдох зүйл, заалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.” гэсэн байна. Мөн “...Алт олборлогч, арилжаалагч компанитай байгуулсан гэрээ нь Төв банкны тухай хуулийг зөрчсөн хэлцэл болохыг шүүхээр тогтоолгон, Монголбанкинд учирсан хохирол, авлагыг хариуцагч этгээдээр төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгааг үүгээр мэдэгдэе” гэсэн байна.

Хуульчдаас  Монголбанкинд хүргүүлсэн шаардлагыг сануулан хүргэе.

 “Монголбанк нь Монполимет ХХК-тай Арилжааны ерөнхий гэрээнүүдийг 2003 оны 2-р сарын 28, 2005 оны 1-р сарын 01, 2006 оны 1-р сарын 01-ний өдрүүдэд тус тус байгуулсан байна. Улмаар 2003 оны 9 дүгээр сараас түүний захиалгаар алтны арилжааг олон улсын санхүүгийн зах дээр гүйцэтгэж эхэлжээ. 2006 оны 11 дүгээр сар хүртэл нийт 10 удаа арилжаа хийсэн бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн 172 тоот тушаалаар алт олборлогч компаниудтай хийж байсан арилжааг зогсоож, 2006 оны 12-р сарын 31-ний өдөр Монполимет ХХК-тай тооцоо нийлж, Монгол банк нь Монполимет ХХК-иас 882,768,000/найман зуун наян хоёр сая долоон зуун жаран найман сая/ төгрөг, 4,256,689/дөрвөн сая хоёр зуун тавин зургаан мянга зургаан зуун наян ес/ ам долларын авлага үүссэн байна. Монгол банк нь Монполимет ХХК-нд дээрх төлбөрийг урт хугацаанд төлөх боломж олгож 2008 оны 9-р сарын 17-ны өдөр 0108/81 дугаартай төлбөр төлөх гэрээ байгуулсан байна.

“Монполимет” ХХК нь 10,615,924,551 төгрөгийн төлбөрийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй учир Монгол банк Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. “Монполимет” ХХК нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа Иргэний Хуулийн 75.2.1-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа/3 жил/ өнгөрсөн учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хариу тайлбар гаргасан байна. Улмаар Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн шүүгчийн  2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230 тоот шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрт Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтнууд Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120.2-т заасны дагуу Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхэд давж заалдах гомдол гаргаагүй учир шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж “Монполимет” ХХК-нь 10,615,924,551 арван тэрбум зургаан зуун арван таван сая есөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавин нэг/ төгрөгийг Монголбанкинд төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн байна.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А/302 тоот тушаалын 1 дэх заалтад “Монголбанкны тайлан тэнцэлд бүртгэлтэй Монполимет ХХК-иас авах авлагыг болзошгүй алдагдлын нөөц сангаас хааж, тэнцлийн гадуур бүртгэх гүйлгээ хийх” үүрэг болгож уг авлагыг эрсдэлийн сангаас хаасан байна.

Гэтэл Монголбанкнаас 2007.01.03-ны өдөр Авлага барагдуулах  талаар судлах, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулсан, 2007.05.10-ны өдөр Алт олборлогч компаниудын авлага барагдуулах ажлын хэсэг байгуулж шинэчилсэн, төлбөрийн өглөг авлага байгааг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулж байсан атал Монгол банкны эрх бүхий албан тушаалтнууд, тус ажлын хэсгүүд ямар шалтгаанаар Монполимет ХХК-ийг төлбөр төлөх гэрээний үүргээ зөрчсөөр байхад 4 жил орчим шүүхэд хандалгүй хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн, Монполимет ХХК нь төрд 10,615,924,551 төгрөгийн төлбөр төлөх үүргээсээ шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлөгдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн байхад гомдол гаргахаас татгалзаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл байж болзошгүй байна. Иймд Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах, мөн хуулийн 179, 180 дугаар зүйлийг баримтлан Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхийн шүүгчийн  2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230 тоот шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг тус дүүргийн шүүхэд гаргаж, “Монполимет” ХХК-ийн Монголбанк/төр/-д төлөх ёстой байсан 10,615,924,551 төгрөгийн төлбөрийг Монполимет ХХК-иас гаргуулах, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А/302 тоот тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгохыг тус тус  шаардаж байна гэсэн байв. 

Мөн сануулахад, дээрх нэр бүхий хуульчид УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг уг асуудалтай холбоотойгоор шалгуулахаар АТГ-т өнгөрсөн сарын 16-ны өдөр хандсан. Энэ дагуу АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэх мэдээлэл байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu