“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Монголын шигшээ баг энэ сарын 10-нд Сайтамад Японы шигшээ багтай тоглоно.
Японы хөлбөмбөгийн холбооноос Монголтой хийх тоглолтын бүрэлдэхүүнээ зарлалаа. Шигшээ багийн дасгалжуулагч Мориясү Хажимэ “Бид яг одоо формтой сайн байгаа тоглогчдоо сонголоо. 10-нд Монголыг, 15-нд Тажикстаныг ялж, зургаан оноо авах зорилготой байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Дотоодын лигээс гуравхан тоглогч дуудаж, үлдсэн 20 нь гадаадын багт тоглодог тамирчид гэхээр Японы шигшээ баг манай багтай шилдэг бүрэлдэхүүнээр тоглох нь.
Японы шигшээ манайхтай 4-4-2 системээр тоглоно гэж шинжээчид үзэж байна.
Гарааны бүрэлдэхүүн:
Хаалганд Португалын “Портимоненси” багийн Гонда Шюүичи зогсоно.
Хамгаалалтад Туркийн “Галатасарай” багийн Нагатомо, Английн “Саутгемптон” багийн Ёшида, Францын “Марсель” багийн Сакай, Италийн “Болонья” багийн Томиясү нар гарах болно.
Төвд Испанийн “Депортиво” багийн Шибасаки, “Токио” багийн Хашимото, Португалын “Порту” багийн Накажима, Голландын “ПСВ” багийн Доан тоглоно.
Гол довтлогч Осако гэмтэлтэй байгаа тул Австрийн “Зальцбург” багийн Минамино урд тоглох бололтой. Түүнтэй хамт “Токио” багийн Нагай гарна. Парагвай, Мьянмартай хийсэн тоглолтод довтлогч нар тааруухан байсан тул сэлгээ хийжээ.
Сэтгэгдэл ( 0 )