Боксын ДАШТ: Л.Алтанцэцэг Италийн тамирчныг яллаа

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

Ц.Энхтүвшин . “Таван цагариг”

Аравдугаар сарын гурванд ОХУ-ын Улаан-Үд хотноо эмэгтэйчүүдийн сонирхогчдын боксын 11 дэх удаагийн ДАШТ эхэллээ.Энэ удаагийн тэмцээнд 57 орны 224 тамирчин, 10 жинд медалийн төлөө өрсөлдөх юм. Эмэгтэйчүүдийн сонирхогчдын боксын ДАШТ 2001 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд 2012 оноос Олимпын наадмын хөтөлбөрт анх багтсан билээ. “Токио-2020” олимпод эмэгтэй боксчид 51 кг, 57 кг, 60 кг, 69 кг, 75 кг-ийн жинд өрсөлдөх юм.

Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ээс хийтдээ 46 орон медаль хүртсэн байдаг бөгөөд манай Мягмардуламын Нандинцэцэг өнгөрсөн жил Энэтхэгийн Шинэ Дели хотноо болсон ДАШТ-ээс 54 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж, Монгол Улсаа энэ жагсаалтад багтаасан билээ.

“Улаан-Үд 2019” ДАШТ-д манай улсаас Г.Пүрэв-Очир, М.Буянжаргал дасгалжуулагчтай долоон тамирчин оролцож байна. ДАШТ-ий өмнө Азийн боксын холбооны хурал явагдаж, П.Мөнхбаяр ASBS холбооны комиссын гишүүн, Д.Батсүрэн Дасгалжуулагчдын комиссын гишүүн, Э.Энхбаяр Эмнэлгийн комиссын гишүүн, С.Батбаяр Эмэгтэйчүүдийн комиссын гишүүн, С.Баясгалан Шүүгчдийн комиссын гишүүнээр тус тус сонгогдсон байна.

Тэмцээний эхний өдөр манай хоёр боксчин рингэнд гарлаа.

51 кг-ийн жинд 29 “ширэн бээлийтэн” оролцож байгаагаас манай Лутсайханы Алтанцэцэг эхний тойрогт Италийн Камилла Фаддатай тулалдан, 3:2 (29:28, 27:30,27:30,29:28,29:28) оноогоор ялж, 16-д шалгарлаа. Дараагийн тойрогт манай боксчин Вьетнамын Нгуен Ти Тамтай аравдугаар сарын найманд тулалдана.

57 кг-ийн 36 боксчин оролцож байгаагаас манай Төмөрхуягийн Болортуул 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт Австралийн С.Б.Никольсонтой тулалдаж 0:5 (27:30, 27:30, 28:29,27:30,27:30)оноогоор хожигдлоо.

Өнөөдөр буюу аравдугаар сарын дөрвөнд манай дахин хоёр боксчин рингэнд гарах бөгөөд 54 кг-д Эрдэнэдалайн Мичидмаа Энэтхэгийн Жамуна Боротой, 69 кг-ийн жинд Энхбаатарын Эрдэнэтуяа –ОХУ-ын Саадат Далгатоватай тус тус тулалдана.

Манай бусад тамирчид болох 48 кг-ийн Балсангийн Мөнгөнсаран Мароккогийн Рабаб Чеддартай аравдугаар сарын долоонд,

60 кг-ийн жинд Монхорын Намуун Туркийн С.Калискантай аравдугаар сарын зургаанд,

75 кг-ийн жинд Мөнхбатын Мягмаржаргал Энэтхэгийн Савиитай аравдугаар сарын таванд тулалдах хуваарьтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top