Ц.Энхтүвшин. “Таван цагариг”
Өнөөдөр Катарын Доха хотноо хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн болж, гараанаас 42 орны 73 тамирчин гарсны дотор манай Бат-Очирын СЭР-ОД, Цэвээнравдангийн БЯМБАЖАВ нар гарлаа.
Хэдийгээр орон нутгийн цагаар шөнийн 23:59 цагт уралдаан эхэлсэн ч 32 градус халуун , 51 хувийн чийгшэлтэй байв.
"Доха-2019"-ийн эмэгтэй, эрэгтэй марафон гүйлт аль аль нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн " халуун" нөхцөлд болсон марафон хэмээн тэмдэглэж байгаа билээ.
"Монгол хүн, манай тамирчид хүйтэн, цас бороог бол тэвчиж чаддаг. Харин бүгчим, чийглэг халуун бол үнэхээр хэцүү юм байна" хэмээн манай багийн дасгалжуулагч О.Оюунтуяа уралдааны дараа өгүүлсэн.
Үнэхээр цаг агаарын маш хүнд нөхцөлд барианд орно гэдэг л том амжилт ажээ. Эмэгтэйчүүдийн марафонд гараанаас 71 тамирчин гарснаас 28 нь барианд орж чадаагүй. Харин эрэгтэйчүүдийн марафонд 73 тамирчин гараанаас гарч, 18 нь барианд орж чадсангүй. Барианд орж чадаагүй тамирчдын дунд марафонд өндөр амжилт үзүүлдэг Этиоп, Танзани, Марокко, Кенийн гүйгчид , мөн нутагтаа гүйсэн Бахрайны тамирчин, за тэгээд Итали, Турк, Хятадын тамирчид байна.
Манай хоёр энэ бүгдийг ардаа орхиод барианд орсон. Ц.Бямбажав 2 цаг 20 минут 07 секунд гүйж 40-д, Б.Сэр-Од 2 цаг 36 мин 01 секунд гүйж, 54 дүгээр байрт орлоо.
Б.Сэр-Одын хувьд 2003 оноос эхлэн завсаргүй ес дэх ДАШТ-дээ оролцож буй бөгөөд хөнгөний ДАШТ-д хамгийн оролцсон тамирчинд 13 удаа оролцсон Испанийн спорт алхааны тамирчин Х.Брагадо юм. Харин эмэгтэйчүүдээс 11 удаа ДАШТ-д оролцсон Португалын спорт алхааны тамирчин Х.Фейтор , Ж.Виейра нар тэргүүлдэг бөгөөд эдний араас ДАШТ-д 10 удаа оролцсон ердөө дөрвөн тамирчин бичигддэг бол 9 удаа ДАШТ-д оролцсон 15 -хан хөнгөн атлетикч л байдаг ажээ.
Ингээд үзэхээр манай Б.Сэр-Одын амжилт үнэхээр бахдам амжилт бөгөөд тэр тусмаа хөнгөн атлетикийн хамгийн хүнд төрөлд тооцогддог марафон гүйлтээр оролцож буй болохоор онцлохгүй байхын аргагүй билээ.
"Доха-2019" ДАШТ-ий эрэгтэй марафоны медальтнууд:
1. Л.Десиса ( Этиоп) 2:10:40
2. М.Геремьюв( Этиоп) 2:10:44
3. А.Кипруто (Кени) 2:10:51
Гэрэл зургийг О.Оюунтуяа
Сэтгэгдэл ( 0 )