СЭЛЭНГЭ: Шинэ ургацын дээжээ хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 06

ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбар шинэ ургацын дээжээ хүлээн авлаа. Тус сангийн лабораториор шалгагдаж тэнцсэн энэ жилийн анхны ургац Б.Пүрэвсүрэн захиралтай Хушаат сумын “Хайрхан оргил уул” ХХК-ийн ургац байв.
Сэлэнгэ аймгийн тариаланчид атрын 60 жилийн ойн жилдээ нийтдээ 194.4 мянган га талбайд үр тариа тариалснаас 141.6 мянган га-д улаанбуудай, 1227 га-д арвай, 2962 га-д овьёос, 2457 га-д гурвалжин будаа, 11494 га-д тэжээлийн ургамал, 34325 га-д тосны ургамал, 2550 га-д төмс, 2533 га-д хүнсний ногоо тариалж, ургац хураалтын ажил энэ цаг мөчид ид явагдаж байна. Аймгийн хэмжээнд механик уринш 59.1 мянган га, химийн уринш 58.1 мянган га, нийт 115 мянган га-д уринш боловсруулсан байна.

Намрын ургац хураалтад 158 үр тарианы комбайн, 43 ангилангийн жатка, 16 төмсний комбайн, 39 төмс ухагч, долоон төмсний сортлогч, 93 будаа цэвэрлэгч, 22 үр сортлогч, 75 будаа ачигч, 22 механикжсан үтрэмийн техникүүд ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top