М.НАМУУН манай эмэгтэй боксчдын хоёр дахь ялалтыг авлаа

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

ОХУ-ын Улаан-Үд хотноо үргэлжилж буй эмэгтэйчүүдийн сонирхогчдын боксын 11 дэх удаагийн ДАШТ–ий эхний гурван өдөр манай таван "ширэн бээлийтэн" рингэнд гарснаас 51 кг-ийн жинд Л.Алтанцэцэг л ялалт байгуулаад байсан.

Тэгвэл өнөөдөр 60 кг-ын жинд манай залуу тамирчин, өсвөр үеийн болон залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт Монхорын НАМУУН Туркийн боксчин С.Калисканыг 4:1 ( 29:28, 28:29, 29:28, 29:28, 30:27) -ээр хожлоо.
 

60 кг-ын жин нь олимпын жин тул 35 боксчин оролцож байна. Манай М.Намуун эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт ялснаар 16-д үлдэж байгаа бөгөөд аравдугаар сарын 9-нд Узбекистаны Райкона Кодироватай тулалдах юм.

Мөн 48 кг-ын Балсангийн Мөнгөнсаран эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Мароккогийн Рабаб Чеддартай аравдугаар сарын долоонд тулалдаж, ялсан тохиолдолд Индонез-АНУ, ОХУ-ын боксчдоос хэн гарч ирсэнтэй оноолт таарахаар байна.

Харин 51 кг-ын жинд өрсөлдөж эхний тойрогт Италийн К.Фаддаг ялсан Лутсайханы Алтанцэцэг аравдугаар сарын найманд Вьетнамын Нгуен Ти Тамтай хоёр дахь тулаанаа хийнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top