Хамгийн халуунд, бас хамгийн харанхуйд болсон ДАШТ

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Ц.Энхтүвшин. “Таван цагариг”

Катарын Доха хотноо 10 хоног үргэлжилсэн хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн ДАШТ ням гарагт өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн хоёр өдрийн тоймыг хүргэе.

Бөөрөнцөг түлхэлт: эр

Энэ төрөлд сүүлийн хэдэн том тэмцээнд эхний гуравт ордог “Гурван том” ээнээ л медалийн тавцанд зогслоо. 2015 оны дэлхийн аварга, Риогийн олимпын мөнгөн медальт, унгар удамтай, АНУ-ын тамирчин Жо Ковач 22,91 метрт түлхэж, дэлхийн хошой аварга болсон бол Риогийн олимпын аварга АНУ-ын Райан Краузер, Риогийн олимпийн хүрэл медальт, 2017 оны дэлхийн аварга Шинэ Зеландын Томас Уолш нар ганцхан сантиметрийн дутуу түлхэн мөнгө, хүрэл медаль зүүлээ.

1. Жо Ковач (АНУ) — 22.91м

2. Райан Краузер (АНУ) — 22.90 м

3. Томас Уолш (Шинэ Зеланд) — 22.90 м

Гурвын харайлт: эм.

Риогийн олимпын мөнгөн медальт, 2017 оны дэлхийн аварга Венесуэлийн харайгч Рохасаас өөр 15 метрийг давах хүн гарсангүй. Венесуэл бүсгүй дэлхийн хошой аварга болохын сацуу энэ ДАШТ-ээс эх орондоо цорын ганц алтан медалийг авчирсан төдийгүй багийн дүнгээр Венесуэлийг 209 орноос 17-д хүртэл “чирлээ”.

1. Юлимар Рохас (Венесуэл) — 15.37 м

2. Шаниека Рикеттс (Ямайка) — 14.92 м

3. Катерина Ибарген (Колумби) — 14.73 м

1500 м.м:

Энэ зайд олимп, дэлхийн аварга Кенийн Кипьегон түрүүлэх магадлалтайд орж байсан ч мөнгө дээр буулаа. 10 000 метрт дэлхийн аварга болсон Холландын этиоп гаралт бүсгүй Сифан Хассан Дохагаас хоёр дахь алтан медалиа авлаа.

1. Сифан Хассан (Холланд) — 3.51,95

2. Фейт Кипьегон (Кени) — 3.54,22

3. Гудаф Цегай (Этиоп) — 3.54,38

5000м. Эм:

Өмнөх дэлхийн аварга, 2013 оны ДАШТ-ий хүрэл, Риогийн олимпын мөнгөн медальт Обири дэлхийн аваргын алтан медалиа ихэрлүүллээ.

1. Хелен Обири (Кени) — 14.26,72

2. Маргарет Челимо Кипкембой (Кени) — 14.27,49

3. Констанц Клостерхалфен (Герман) — 14.28,43

4х100 м буухиа. Эм:

Хамгийн сонирхолтой төрлүүдэд буухиа уралдаан ордог. Сенсаац, дуулианаар дүүрэн байдаг учраас. Учир нь ямар ч шилдэг баг уралдааны явцад, буухиагаа дамжуулахдаа алдаа гаргах рисктэй байдаг учраас тэр баг гарцаагүй түрүүлнэ гэхэд бас хэцүү. Энэ удаа гэхэд л шилдэг амжилт үзүүлэн финалд шалгарсан БНХАУ-ын баг сүүлчийн буухиагаа дамжуулахдаа маш том алдаа гаргаж, олны инээдийг ихээхэн хүргэсэн.

Фрэйзер-Прайс, Шерика Жексон гээд томчуултай Ямайкийн баг торолгүй түрүүллээ. Фрэйзер-Прайсын ДАШТ-ий 9 дэх алтан медаль нь.

1. Ямайка— 41,44 сек

2.Их Британи— 41,85 сек

3. АНУ — 42,10 сек

4х100 буухиа:эр.

100 м-ийн алт, мөнгөн медалийн эзэд Коулмэн, Гэтлин, дээр нь 200 м-ийн аварга Лайлз байгаа хойно АНУ-ын баг түрүүлэх нь гарцаагүй л дээ, алдаа л гаргачихгүй бол.

1. АНУ — 37,10

2. Их Британи — 37,36

3. Япон — 37,43

Уртын харайлт: эм.

Энэ жилийн турш бараг л оролцсон тэмцээн бүртээ 7 метрээс хол харайж байгаа танзани аав, герман ээжтэй Германы тамирчин Михамбо дэлхийн АШТ-ий анхны медалиа алтаар эхэллээ. Риогийн олимпод тэрээр медалиас шүргэн алдаж, дөрөвдүгээр байрт орж байсан билээ. ОХУ-ын Дарья Клишина тэмцээний өмнөх өдөр гэмтлийн улмаас оролцож чадахгүй болсон.

1. Малайка Михамбо (Герман) — 7,30 м

2. Марина Бех-Романчук (Украин) — 6,95 м

3. Изи Брум (Нигери) — 6,91 м

1500 м:эр.

Амнах дэлхийн аваргын мөнгөн медальт Черует амжилтаа ахиулан дэлхийн аварга болж, Лондон-2012 Олимпын аварга, Риогийн олимпын хошой мөнгөн медальт (800 м, 1500 м) Махлуфи, Польшийн нэрт хөлбөмбөгчний амидаа нар ДАШТ-ий анхны медалиа хүртэв.

1. Тимоти Черует (Кени) — 3.29,26

2. Тауфик Махлуфи (Алжир) — 3.31,38

3. Марцин Левандовски (Польш) — 3.31,46

Жад шидэлт:эр.

​Энэ зун Пан Америкийн наадмын аварга болсон Петерс энэ төрөлд аварга болсноор Гренада хэмээх Карибын тэнгисийн зүүн өмнөд хэсэгт оршдог, хүн амынхаа тоогоор (108 000) дэлхийд 197-д, газар нутгийнхаа хэмжээгээр 222-д ордог энэ жижиг арал улс “ДОХА-2019” дэлхийн АШТ-д оролцсон 209 орноос 17-д бичигдлээ дээ.

2017 оны дэлхийн аварга Феттер хүрэл медаль хүртлээ.

1. Андерсон Петерс (Гренада) — 86,89 м

2. Магнус Кирт (Эстони) — 86,21 м

3. Йоханнес Феттер (Герман) — 85,37 м

10 000 м: эр.

2017 оны дэлхийн аваргад үзүүрлэж байсан Угандын Чептегей алтан медаль хүртэв.

1. Жошуа Чептегей (Уганда) — 26.48,36

2. Йомиф Кежелша (Этиопи — 26.49,34

3. Ронекс Кипруто (Кени) — 26.50,32

100м халхалттай гүйлт: эм

Энэ зайд дэлхийн рекорд эзэмшигч Кендра Харрисон (2016 онд Харрисон 12,20 секунд гүйж, 12,21 амжилтаар дэлхийн рекордыг 1988 оноос хойш эзэмшсэн Болгарын Йорданка Донковагийн рекордыг шинэчилсэн), 2015 оны дэлхийн аварга, энэ жил хамгийн шилдэг амжилт үзүүлээд байгаа Даниэль Уильямс нарын хооронд алтын төлөөх гол өрсөлдөөн өрнөх байх гэтэл дундуур нь Риогийн олимпын мөнгөн медальт Ниа Эйли цойлоод дэлхийн аварга боллоо.

1. Ниа Эйли (АНУ) — 12,34 сек

2. Кендра Харрисон (АНУ) — 12,46 сек

3. Дэниэль Уильямс (Ямайка) — 12,47 сек

4х400 м буухиа: эм

400м-ийн сайдтай гүйлтийн зайд дэлхийн рекордыг шинэчлэн аварга болсон Мухаммад, түүнээс ердөө 0 зууны 7 доль хоцорсон МакЛауфлин нараас бүрдсэн Америкийн баг тасархай түрүүлсэн. Ямайкийн баг мөнгө дээр буух тун дөхсөн ч Польшийн багийн дөрөв дэх гүйгч бариа гайхалтай хийж, багаа мөнгөн медальд хүргэлээ. Энэ төрөлд урьдчилсан уралдаанд АНУ-ын багт уралдсан Эллисон Феликс ДАШТ-ий 13 дахь алтан медалиа зүүлээ.

1. АНУ — 3.18,92

2. Польш — 3.21,89

3. Ямайка— 3.22,37

4х400 м буухиа.эр

1. АНУ— 2.56,69

2. Ямайка — 2.57,90

3. Бельги— 2.58,78

Багийн дүнгээр

АНУ-29 (14 алт, 11 мөнгө, 4 хүрэл)

Кени -11 (5 алт, 2 мөнгө, 4 хүрэл)

Ямайка-12 (3 алт, 5 мөнгө, 4 хүрэл)

БНХАУ-9 (3 алт, 3 мөнгө, 3 хүрэл)

Этиоп-8 (2 алт, 5 мөнгө, 1 хүрэл) медалиар “айргийн тавд” жагслаа. 18 орон дэлхийн аваргатай болж, нийтдээ 43 орон медаль хүртэв.

Ийнхүү “Доха-2019” хөнгөн атлетикийн ДАШТ түүх болон үлдлээ. Түүхэнд анх удаагаа “намар орой” аравдугаар сард болсон, хамгийн “халуунд” болсон марафонтой, шөнө дунд эхэлсэн тэмцээнтэй, хамгийн олон орон, хамгийн олон тамирчин оролцсон, Дэлхийн рекорд 3 удаа, бүсийн болон үндэсний рекорд 69 удаа шинэчлэгдсэн факттай үлдлээ. ДАШТ-ийг 160 орон ТВ-ээр дамжуулан үзүүллээ.

Дараагийн ДАШТ 2021 оны наймдугаар сарын 6-15-нд АНУ-ын Орегон мужийн Южин хотноо болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top