“МЮ”-гийн дасгалжуулагч Сульшерийн өөрийгөө хамгаалсан үгс

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Английн Премьер лигийн наймдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, “Манчестер Юнайтед” баг “Ньюкасл”-т 0-1 ялагдсанаар хүснэгтийн 12 дугаар байрт уналаа.

• “Юнайтед” эхний найман тоглолтод ердөө 9 оноо авсан нь 1989/90 оны улирлаас хойш тохиолдож байгаа муу үзүүлэлт. Тэр жил “МЮ” улирлыг 13 дугаар байрт дуусгаж байв.

• Сульшерийг албан ёсоор Ерөнхий дасгалжуулагчаар томилсноос хойш “МЮ” Премьер лигийн 16 тоглолтод 17 оноо авсан.

• Стив Брюс (“Юнайтед”-ийн тоглогч асан) дасгалжуулагчийн хувиар “МЮ”-тэй 23 тоглож байж, анх удаагаа хожжээ.

• Сульшер албан ёсоор Ерөнхий дасгалжуулагч болсноосоо хойш өрсөлдөгчийн талбай дээр нэг ч ялсангүй. Нийт 7 ялагдал, 4 тэнцээтэй.

“Ньюкасл”-т ялагдсаныхаа дараа Сульшер BBC, Sky-д ярилцлага өгсөн. Түүний ярианаас гол хэсгийг сонирхуулъя.

1. Тоглолтыг бид муу эхлүүлсэн. Тэд маш их хичээж байсан бол манай багийнхан төвлөрч чадахгүй, маш олон дамжуулалт алдсан. Хоёрдугаар үед бид илүүрхсэн ч гоолын боломж олныг гаргаж чадсангүй. Сэтгэл зүй дээр ажиллах шаардлагатай байна. Залуучууд маань сэтгэлээр унаж, өөртөө итгэлгүй болсныг би ойлгож байна. Гэхдээ тэд бол сайн тоглогчид, өдөр болгон бэлтгэл дээр хичээж байгаа. Ялахгүй байгаа болохоор бидэнд баярлах зүйл алга. Одоо бидэнд маш хүнд үе ирээд байна. Өнгөрсөн улирал ч мөн хүнд байсан. Гэхдээ тэр үед би тоглогчдын ажилдаа хандах хандлагад уурлаж байсан бол энэ удаад тэр тал дээр асуудал байхгүй. Харри Магуайр сайхан боломжийг алдалгүй, гоол оруулах ёстой байснаа ойлгож байгаа. Гэхдээ баг хэцүү байдалд байхад гоол оруулахгүй үе байдаг. Боломж дахиад гарах болно.

2. Эхний тоглолтод оролцсон үндсэн бүрэлдэхүүний зургаан тоглогч гэмтсэн нь тоглолтод нөлөөлж байгаа. Бид тэднийг хурдан эргүүлэн авчрахын төлөө хичээнэ. Гэхдээ талбайд гарсан залуус ч хамаг хүчээ гаргасан. “Ливерпуль”-тэй хийх тоглолт бидний хувьд сайхан боломж. Шигшээ багийн тоглолт болох завсарлага ч бидэнд тун зөв үед ирлээ. Бид бүхнийг мартах хэрэгтэй. Тоглогчид маань шигшээ багтаа очоод энэ бүхнийг мартаад ирэх учиртай.

3. Багаараа цуглараад бид алдаа оноогоо ярилцсан. Хэрэв чи зөвхөн сайн өдрүүдэд л хичээдэг бол хэзээ ч зорилгодоо хүрэхгүй. Хэд хэдэн түлхүүр тоглогчоо алдсан нь нөлөөлсөн. Гэхдээ энэ бол шалтаг биш. Зарим тоглогчид тайван байдал дутагдаж байна. Бид гоолын боломж гаргахгүй байна.

4. Эхний найман тойргийн тоглолтуудыг задлан шинжлэхэд цаг хэрэгтэй. Энэ бол миний хариуцлага. Тоглогчдын толгойг цэвэрлэх нь миний үүрэг. Залуучуудад итгэл байхгүй байна. Тэдэнд багийн ажилтнууд, ахмад тоглогчид туслах ёстой. Тэд ч гэсэн хүн, сайн тоглохыг хүсэж байгаа. Хичээж зүтгэсний үр дүнгээ харахад итгэл нэмэгддэг, харин одоо үр дүн байхгүй болохоор тэд итгэлгүй болоод байна. Хэр зэрэг хугацаа хэрэгтэйг мэдэхгүй ч бид хямралаас гарна. Энэ бол баг хамт олны ажил. Бид зөв зам дээр байгаа. Эхний дөрвөн байрт ороход хэцүү ч тэд хол тасраагүй байна. Хэд дараалсан ялалт л бидэнд хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top