Нью-Йорк эрх чөлөөний хөшөө, Швед Ибрагийн хөшөөтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Шведийн Мальмед алдарт хөлбөмбөгч Златан Ибрагимовчийн хөшөөг ёслол төгөлдөр нээлээ. 2016 онд Златан ПСЖ багийн удирдлагад “Парисын Эйфелийн цамхгийн оронд миний хөшөөг босговол танай багт үлдэж болно” гэж хэлсэн юм. Францчууд түүний үгийг сонсоогүй, Ибра Манчестер явсан билээ.

Харин түүний төрөлх Шведэд хүслийг нь биелүүллээ. 2016 оны 11-р сард Шведийн хөлбөмбөгийн холбооноос арван жил дараалан Шведийн шилдэг хөлбөмбөгч болсон Ибрад зориулсан хөшөө босгох даалгавар өгсөн юм.

Хөшөөг эхлээд Стокхольм хотын “Френдс-Арена” цэнгэлдэх хүрээлэнд байрлуулах төлөвлөгөөтэй байлаа. Учир нь энэ цэнгэлдэхэд Ибра Английн шигшээ багт унаж татан гоёмсог гоол оруулсан билээ. Гэвч удалгүй төрсөн хот Мальмед хөшөө босгох нь зүйтэй гэж үзсэн юм.

Өнөөдөр хөшөөний нээлтийн ёслол боллоо. Хүрэл Ибра 500 кг жинтэй, 2.7 метр өндөр.

Ёслол дээр Ибрагимович “Та Нью-Йоркт очоод Эрх чөлөөний хөшөөг үздэг. Харин Шведэд ирээд Златаны хөшөөг харж болно” гэж хэлсэн юм.

Мөн “Хөшөөтэй болсон хүн болгон баярлан догдолдог. Дэмжлэг, тусламж шаардлагатай хэн болгон энэ хөшөөнд ирээд эрч хүч аваарай. Хүн өөртөө итгэж, хөдөлмөрлөхөд ямар амжилтад хүрч болохыг миний хөшөө харуулж байна. Амьдралын бүх замд би өөрийнхөөрөө явсан” гэж хэлсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top