Майкл Вайсс: Японы багаас оноо салгахын төлөө тоглоно

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Э.Гуамарал “Таван цагариг”

Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг өчигдөр /10.09.2019/ “Сайтама 2002” цэнгэлдэх хүрээлэнд тогтолтын өмнөх бэлтгэлээ хийлээ.

Бэлтгэлийн өмнө хэвлэлийн бага хурлын үеэр Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс “Миний амьдрал Япон оронтой салшгүй холбоотой. Энэ оронд, тэр дундаа хөлбөмбөгийн салбарт ажиллаж байсны хувьд Японы шигшээ баг болон тэдний тоглолтын ур чадварын талаар маш сайн мэднэ. Түүнчлэн тоглолтын арга барил талаас нь нэлээд судалгаа хийсний үндсэн дээр маргааш тоглох гарааны бүрэлдэхүүнээ сонгосон. Манай багийн бүрэлдэхүүнд олон улсын тэмцээнд урьд өмнө нь тоглолт хийж байгаагүй, шинэ залуу тамирчид олон бий. Хамгийн чухал нь энэ тоглолтоос туршлага хуримтлуулах, мөн өөрсдийн сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрхэн сайжирч буйгаа харуулахыг хүсэж байна. Үр дүн тийм чухал биш. Гэхдээ бид тийм ч амархан бууж өгмөөргүй байна. Оноо салгахын төлөө бүхий л нөөц бололцоо, хүч чадлаа дайчилна” хэмээв.

Япончууд маргаашийн тоглолтын талаар их сонирхож буй нь хэвлэлийн бага хурлын болон манай багийн бэлтгэлийн үеэр харагдаж байлаа. Мөн өнөөдөр болох тоглолтыг Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү үзэж сонирхох гэнэ.

“Сайтама 2002“ цэнгэлдэх нь 2001 онд нээгдсэн бөгөөд 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан барьсан ажээ. Уг цэнгэлдэхэд 2002 оны ДАШТ-ий хэсгийн гурван тоглолт, үүний дотор Япон-Бельги 2:2, Англи-Швед 1:1 гэсэн хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлд хоногшсон тоглолтуудаас гадна уг тэмцээнд дэлхийн аварга болсон Бразилын шигшээ баг хагас шигшээд Туркийн шигшээг 1:0 -ээр хожсон гайхамшигт тоглолт болж байсан байна.

63,700 хүний суудалтай “Сайтама 2002” цэнгэлдэхэд Японы хөлбөмбөгийн шигшээ баг болон “J1 League” лигийн шилдэг багуудын нэг “Урава Ред Даймондс” багууд тоглолтоо хийдэг ажээ.

Хөлбөмбөгийн талбай нь 105м х68 м харьцаатай цэвэр байгалийн зүлэг бөгөөд хиймэл зүлгэн дээр лигийн болон цомын тоглолтууд, шигшээ багийн тоглолтоо хийдэг манай хөлбөмбөгчдөд нилээд хүндрэлтэй байж мэдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top