Т.Ням-Очир: Монгол Улсын 640 мянган сурагч 100 хувь сурах бичигтэй болно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн түгээлт хоцрогдолтой байгаа тухай мэдээллийг уншигчдын зүгээс манай редакцад ирүүлсний дагуу БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.


-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хоцрогдол яагаад үүсэх болов. Та нөхцөл байдлыг танилцуулахгүй юу?

-Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн хүүхдүүдийн 60 хувийг сурах бичгийн төлбөртэй ашиглалтын үйлчилгээнд хамруулах асуудал байгаа. Нийтдээ 178719 хүүхдийн сурах бичгийг гар дээр нь хүргэх учиртай.

Эхний ээлжид өмнө нь яагаад хомсдол үүсдэг байсныг тайлбарлая. 2018-2019 оны хичээлийн жилд хүүхдүүд зах зээлээс сурах бичгүүдээ худалдаж авдаг байсан. Ямар хүндрэл байсан гэвэл сурах бичгийн үнэ хэт хямд байгаатай холбогдуулаад энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүс сурах бичгийг замаас нь худалдан авч үнэ нэмэн зарах байдлаар зохиомол хомсдол үүсгэдэг байв. Үндсэндээ сүүлийн хэдэн жил явж ирсэн ийм жишгийг яамнаас мэргэжлийн байгууллагуудтай хамтарч цэгцлэх гээд дийлээгүй.

Эрх бүхий компаниас сурах бичгээ яамны захиалсан тоогоор хэвлээд гаргаад ирдэг. Гэтэл номын дэлгүүрүүдэд сурах бичиг олддоггүй. Дахиад хэд хоногийн дараа энэ чиглэлийн бизнес эрхэлдэг хүмүүс үнэн дээр нь цаас наагаад 1300 төгрөгийн сурах бичгийн 5000 төгрөг, 4200 төгрөгийн үнэтэй сурах бичгийг 15-20 мянган төгрөгөөр, бүр сүүлдээ 30 мянган төгрөгөөр дамлаж зарах байдлаар зохиомол хомсдол үүсгэдэг. Үүнийг нь яамны зүгээс хураах эрх байхгүй. Ингээд дамын наймаачдад сурах бичгийг алдсан.

Нөгөөтэйгүүр алслагдсан сумдад суралцаж буй 50 орчим хүүхдэд сурах бичгийг хүргэх борлуулалтын сүлжээ байгаагүй. Алслагдсан сумдын хүүхдүүд аймгийн төвөөс сурах бичгээ авахаар ирэхдээ дамын наймаачдаас өндөр үнээр авдаг байдал хэвшээд байсан.

-Үүнээс гарахын тулд Боловсролын яамнаас ямар ажил хийж байна вэ?

-2019 оны гуравдугаар сард Засгийн газрын тогтоол гаргуулсан. Сурах бичгийг зах зээлээр дамжуулах бус үйлдвэрийнх нь үнээр номын сангаар дамжуулах бодлого баримталж эхэлсэн. Үүний тулд бид шаардлагатай дүрэм журам, санхүүжилтийг танилцуулсан. Ингээд дөрөвдүгээр сард Азийн хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудтай Ё.Баатарбилэг сайд уулзсан. Азийн хөгжлийн банкны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд байгаагүй асуудал учраас олон удаагийн уулзалт болсон. Улмаар дунд, ахлах ангийн 180 орчим мянган хүүхдийн сурах бичгийг тоо ёсоор нь хэвлэх нэг том төсөл хэрэгжүүлэх саналыг бидэнд тавьсан. Гэвч Монгол Улсад тийм их хэмжээний сурах бичгийг нэг дор үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгаагүй. Тиймээс нөхцөл байдалдаа тохируулан сурах бичгүүдийн багцлах худалдан авах ажиллагааг наймдугаар сарын 5-наас эхлэн зарласан. Азийн хөгжлийн банк өөрийн дүрэм журмын дагуу бүгдийг хянаад хамгийн эхний зөвшөөрлийг есдүгээр сарын 18-нд ирүүлсэн. Энэ бүхнийг тайлбарлаад байгаа шалтгаан нь яриа хэлцэл үнэхээр урт хугацаанд үргэлжилсэн юм шүү.

Эцэст нь сурах бичиг шаардлагатай сурагчдын 60 хувьд сурах бичиг түгээх ажил эхэлж байна. Өөрөөр хэлбэл, зургаа, долоодугаар ангийн сурагчид өнөө, маргаашгүй шинэ сурах бичгээ номын сангаасаа авах боломжтой. Харин 10-12 дугаар ангийн сурах бичгийг хэвлэх зөвшөөрөл есдүгээр сарын 23-нд ирсэн. Ингээд аравдугаар сарын 2-нд гэрээгээ байгуулаад хэвлэх үйл ажиллагаа эрчимтэй үргэлжилж байна. Удахгүй түгээлт эхэлнэ. Үлдсэн 8-9 дүгээр ангийн сурагчдын сурах бичгийг хэвлэх зөвшөөрөл аравдугаар сарын 4-нд ирсэн. Бид хэвлэлтийг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

-Сурах бичгийг дахин хэвлэх ажил гуравдугаар сараас эхэлсэн боловч өнөөдрөөс сурагчдын гарт очиж байгаа шалтгаан юу вэ?

-Бид Засгийн газарт хандан сурах бичгийг зах зээлд гаргах ямар ч боломжгүй болсныг тухайн үед мэдэгдсэн. Цаашдаа зохиомол хомсдол үүсэх байдал арилахгүй юм байна гэж үзээд сурах бичгийг номын сангаар дамжуулах хувилбарыг Засгийн газраас дэмжүүлсэн. Ингээд Азийн хөгжлийн банктай олон удаагийн уулзалт хийсэн. Аль аль талдаа нөхцөл байдлаа ойлгож байгаа болохоор дүрэм журмаа нийцүүлэн харилцан ойлголцож ажилласан юм. Гэхдээ Азийн хөгжлийн банк түүхэндээ хамгийн шуурхай зөвшөөрөл өгч ажилласан. Азийн хөгжлийн банканд Монголыг дэмжих чин хүсэл эрмэлзэл байгаа нь харагдсан.

-Олон улсын байгууллагаар дамжсан болохоор өмнөх жилүүдтэй адил шүүхийн шатанд асуудал сунжрах байдал үүсэхгүй гэж найдаж байна.

-Тийм. Өмнө нь нэг компани шүүхэд гомдол гаргахад хугацаа алддаг байсан. Энэ жилийн бүх худалдан авах ажиллагаа маш том хяналтын дор өрнөсөн. Өнгөрсөн жил 12 дугаар ангийн сурах бичгүүд болон зургаа, долоодугаар ангийн монгол хэлний сурах бичиг шүүхийн маргаанаас болж арванхоёрдугаар сард нийлүүлж байлаа.

Зарим хүн “Нэгэнт Азийн хөгжлийн банкнаас дэмжихээ илэрхийлсэн юм бол урьдчилаад хэвлэж байхгүй яасан юм бэ” гэж шүүмжилдэг. Гэтэл Монгол Улс хуультай. Бүх зүйл хууль ёсныхоо дагуу явсан гэдгийг тодотгох байна.

-Яамны зүгээс санхүүжилтийн өөр эх үүсвэрийг олж болоогүй юу?

-Улсын төсөв дээр ямар ч мөнгө тавигдаагүй. Тиймээс хүүхэд нэг бүрт хүрсэн сурах бичигтэй болох хамгийн боломжтой хувилбар нь Азийн хөгжлийн банк байсан.

-Сурах бичиг бол ирээдүйдээ оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа хэлбэр. Гэтэл улсын төсөвт яагаад мөнгө суулгаагүй юм бол?

-2010-2015 онд Азийн хөгжлийн банкны түрээсийн сурах бичгийн тогтолцоог боловсролын салбарт туршсан юм. Үүнийхээ үргэлжлэл болгож сурах бичиг хэвлүүлэх 8 тэрбум төгрөгийн зардлыг дэмжүүлэх боломж гарч ирсэн. Үүнийг бид алдалгүй ашигласан хэрэг. Мөн 2010-2015 онд хэрэгжсэн уг төслийн үр дүнд манай яаманд 3.5 тэрбум төгрөг төвлөрөөд байсан. Ингэж бид нийт сурагчдаа 100 хувь сурах бичгээр хангах боломжтой болсон. Хөтөлбөр ёсоор дөрвөн жилийн дараа эхний сурах бичиг актлагдахад хуримтлагдсан хөрөнгөөрөө дараагийн сурах бичгийг хэвлэх боломжтой. Гэхдээ цаашид дунд, ахлах ангийн сурах бичгийн хэвлэлтийн зардлын 40 хувийг тогтмол улсын төсөвт суулгаж байх бодлого баримталж байгаа.

-Сурах бичиг хүрээгүй сурагчид хэрхэн хичээлээ үргэлжлүүлж байгаа вэ?

-Азийн хөгжлийн банкнаас сурах бичиг хэвлэхээс өмнө 459 мянган хүүхдийн сурах бичиг оччихсон байгаа. Өмнөх жилүүдэд ашиглаж байсан болон нөхөн хангалтаар очсон сурах бичгүүд юм. Бага ангийн хүүхдүүд 100 хувь, дунд, ахлах ангийн 10 хүүхдүүдийн дөрөв нь сурах бичигтэй байна. Өөрөөр хэлбэл, нийт хүүхдийн 40 хувь нь сурах бичигтэй байгаа. Хичээл хэвийн үргэлжлэх боломж бий.

-Цаашид сурах бичгийн нийлүүлэлтийн асуудал үүсэх үү?

-Энэ хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын 640 мянган сурагч 100 хувь сурах бичигтэй болж байгаа. Дараа жил нөхөн хангалтын асуудал яригдана. Үүнийг улсын төсөвт тавих асуудлыг Сангийн яаманд хүргүүлээд байгаа.

-Түрээслэн ашиглах сурах бичгийн түрээс хэдэн төгрөг байгаа вэ?

-15 мянган төгрөгөөс 21 мянган төгрөг байгаа. Тухайн хүүхдэд шаардлагатай бүх сурах бичиг багтсан үнэ. Өмнө нь 56400 төгрөг байсныг ингэж багасгасан. Мэдээж эхний жил шинэ ном ашиглахдаа 21 мянган төгрөг. Дараа жилээс нь багасаад явна. Гэхдээ энэ түрээс биш шүү. Ямар ч нэмэлт зардалгүй ашиглалтын зардал юм.

-Сурах бичгийн шинэчлэлийн асуудал анхаарлын төвд байдаг. Ойрын жилүүдэд сурах бичиг шинэчлэгдэх үү?

-Сурах бичгийн шинэчлэлийг энэ хичээлийн жилд огт ярихгүй. Хөтөлбөр шинэчлэгдэхээр сурах бичиг дагаад шинэчлэгддэг. Гэхдээ 2018 онд сайдын тушаалаар хөтөлбөрийг шинэчлэхдээ багшийн арга зүй, сурах бичгийг хамтад нь шинэчилж оруулж ирдэг болсон. Ингэснээр 2014 онд бага ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилчхээд 2017 онд сурах бичгээ нийлүүлдэг байдал дахиж гарахгүй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hi(64.119.27.28) 2019 оны 10 сарын 11

Teneg hicheel ehleed 1 uliral duusah gej bhad surah bichihgui

0  |  0
Bod (98.113.248.233) 2019 оны 10 сарын 10

Uuchlaarai odoo delhii dayaar ene hoysrogdson ststem chin oorchlogdson shuu! Surah bichgiig gantshan bagsh l avdag tegeed teriigee huuhduuded zaadag. Suragchdad surah bichgeesee copy hiij terenbdeeree ajilladag helbert shiljeed bgaa shuu dee. Herev surah bichigtei bol bagshaar yahiin gereer zaagaad bhad bolno biz dee? Buh hogjingui ornuud surah bichgeer zaahaa bolison. Ternii orond bagsh zaah yumaa zaagaad harin huuhduuded copy hiij ogdog ter mongiig harin etseg ehchuudees bichgiin tsaas hicheelliin heregsluudeer ni damjuulaad avchihdag yum bilee sh dee!

0  |  0
Р.Цэрэнпил(202.179.24.152) 2019 оны 11 сарын 20

Энэ сайхан залуу шиг ажлаа мэддэг, ямарч хүний үгийг сонсож зөв шийдвэр гаргаж чаддаг, боловсролтой, харьцааны соёлтой, залуучууд монгол орныг төвөггүй сайхан аваад явна даа гэсэн сэтгэгдэл төрдөг юм билээ. Танд ажлын өндөр амжилт хүсье

2  |  0
Top