Сасаки Мизүхо: Боломж байвал МОНГОЛЧУУД ЯЛААСАЙ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Өнөөдөр Японы “Сайтама” цэнгэлдэх хүрээлэнд “Катар 2022” хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны тоглолт болно. “Хөх чононууд” нэртэй манай шигшээ баг “Цэнхэр самурайнууд” болох Японы багтай халз өрсөлдөх юм. Монголын баг дэлхийн чансааны 183-т эрэмбэлэгдэж байгаа бол Япон улсын шигшээ дэлхийд 31-р байранд бичигдсэн, Ази тивийн хамгийн шилдэг багийн нэг. Япончууд талбайдаа болох тус тоглолтод Европын том лигүүдэд тоглодог 20 тамирчнаа дуудсан нь ямар их анхаарал хандуулж байгааг илтгэн харуулж байна. Италид тоглодог Нагатомо, Английн “Саутгемптон” багийн Ёшида гээд телевизийн дэлгэцээр л харж байсан алдартнуудынхаа өөдөөс манай тамирчид тоглох нь. Ялалт, ялагдал хамаагүй энэ тоглолт Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн түүхэнд үлдэх тоглолт болно. Учир нь ийм хүчирхэг багтай бид учраа таарч байсан удаагүй. Ингээд Японы “Чюүничи спорт” сонинд гарсан нийтлэлийг танилцуулъя.

“Катар 2022” ДАШТ-ий урьдчилсан шатанд нэгэн хэсэгт орсон Япон, Монголын шигшээ баг энэ сарын 10-нд Сайтамад тоглох болсон билээ. Хакүхо, Какүрюү гэсэн аваргуудтай Монголыг сүмо бөхийн ертөнцөд сайн мэдэх ч хөл бөмбөгийн хувьд огт мэдэхгүй орон. Монголын хөл бөмбөгийн лигт таван жил тоглож байгаа Сасаки Мизүхо “Ялах боломж ганц хувь байгаа бол Монголын шигшээг ялаасай гэж хүсэж байна” гэж ярьж байна. Яагаад тэр вэ?

“БИ ОДОО ҮНЭХЭЭР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНА”

Эх орондоо чадаагүй мөрөөдлөө Монголд биелүүлсэн япон залуу. Мэргэжлийн хөл бөмбөгч болох хүслээ тэр өргөн уудам хээр талын оронд гүйцэтгэж чадсан юм. Монгол оронд баярлах сэтгэл, ачийг нь хариулах хүсэл нь түүнийг энэ тэмцээнд эх орноо биш Монголыг дэмжихэд хүргэжээ.

“Японд хэний ч мэдэхгүй тамирчин байсан миний бие Монголд үнэлэгдэн, мэргэжлийн тамирчин болж чадсан. Одоо би үнэхээр аз жаргалтай байна. Найз нөхөд олонтой болж, Монгол оронд ч их хайртай болсон. Монгол найзууд маань хамаг хүч чадал, сэтгэлээрээ зүтгэж байгааг харж байгаа тул тэднийг дэмжмээр байна. Хэрэв үнэхээр монголчууд ялах боломж ганц хувь ч гэсэн байгаа бол тэд ялаасай”

ӨВӨЛ НЬ -30 ХЭМ ХҮЙТЭН, ХИЙМЭЛ ЗҮЛЭГ

Сасаки Токио хотын Күрүмэ ахлах сургуулийг төгсөөд Dezzolla Shimane, Kamatamare Sanuki, FC Machida Zelvia, Cobaltore Onagawa, TFSC багуудад тоглож байлаа. Гэвч мэргэжлийн тамирчин болох мөрөөдөл нь биелсэнгүй.

“Азийн ямар нэг орны багт үзээд алдъя. Болохгүй бол хөл бөмбөгөө орхиё”

Ингээд гадаадын баг хайж эхэлтэл тэр үед “Улаанбаатар” багийн дасгалжуулагч байсан Фүкүда Жюний нүдэнд өртөж, урилга авсан нь түүний хувь заяаг өөрчилсөн юм. 2015 оны тэр зун Сасаки эргэлзэх зүйлгүй Монголыг зорьжээ.

Ирээд харахад хөл бөмбөг тоглох орчин хангалттай бүрдээгүй байгаа нь юуны өмнө нүдэнд тусжээ. Нэгдүгээр лигт ч ихэнх баг нь өөрийн гэсэн бэлтгэлийн талбай байхгүй тул Хөл бөмбөгийн холбоо, дунд сургуулийн талбайг түрээслэх нь жирийн үзэгдэл. Өвөл нь -30 хэм хүйтэн учир таримал зүлэгтэй хөл бөмбөгийн талбай байхгүй. Хиймэл зүлгийнх нь чанар ч сайн, муу олон янз. Хөл бөмбөг тоглоход үнэхээр хэцүү.

Лигийн тэмцээний тоглолтын хуваарь байнга солигдож, бэлтгэл гэнэт цуцлагдаад, зарим тоглолт учир битүүлэг шалтгаанаар хойшилно. Цалин унжих, өгөхгүй байх явдал ч их.

Гэхдээ талбай дээр гарахаараа бүгд үнэн сэтгэлээс хичээн зүтгэж, хүч чадал, хурдаар өрсөлдөн тоглох нь бахархмаар.

“Хэцүү байдалд ороод “Эцсээ хүртэл үзэлцэнэ шүү” гэх монголчуудын сэтгэлийн хүч, төвлөрөл үнэхээр гайхамшигтай”

Монголын хөл бөмбөгчид бүгд өөртөө маш итгэлтэй тул нэг нэгнээ шүүмжлэн маргалдах явдал олон тохиолдоно. Гэсэн ч монгол хэмээх энэ уудам сэтгэлтэй ард түмний үнэнч шударга байдал Сасакид үнэхээр таалагддаг. Гадаад тоглогч илүү сайн байх ёстой гэсэн хүлээлт, үүрэг хариуцлага ч Сасакиг хөгжин дэвшихэд тус болжээ.

“Монгол тамирчид бодож байгаа юмаа талбай дээр ч, гадна ч ил тод хэлдэг. Хэрэлдэн маргалдаж, зодолдох шахах ч тоглолт дуусаад бүгд гар барин, эвлэрдэг. Жирийн амьдралд ч хэн нэгэнд тааруулах, тал засах гэж хичээхгүй. Хэлэх юмаа хэзээ ч хэлдэг шударга. Ийм нөхцөлд хөл бөмбөг тоглоход ч, амьдрахад ч үнэхээр сайхан байна”

3-Р ЛИГТ ТҮРҮҮЛЖ, ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ БОЛОВ

Сасаки “Улаанбаатар” багт тун сайн тоглосон тул 2016-2017 онд нэгдүгээр лигийн “Сэлэнгэ Пресс” багт уригдлаа. 2019 онд “Сэлэнгэ Пресс” багт багш нь байсан Б.Чин-Оргил дасгалжуулагч түүнийг “Манай багт ирээч, хамтдаа тулалдъя” гэж урьсан тул 3-р лигийн “Lions FC” багт шилжлээ. Баг нь лигийн аварга болж, Сасаки өөрөө “Шилдэг хамгаалагч”-ийн шагнал хүртжээ. 

“Надаас залуу, ур чадвар илүү төвийн хамгаалагчид байсан ч Оргил багш намайг сонгосонд их баярласан. Хөл бөмбөгч хүний хувьд ур чадварыг нь үнэлдэг хүн байхад их баяртай байдаг. Цалин мөнгө хэрэгтэй ч миний хувьд хэнтэй тоглох, хаана тоглох нь илүү чухал. Мэргэжлийн тамирчин гэж үнэлэгдэх нь тамирчин хүний хувьд баяртай зүйл. Монголд ирсэндээ би их баяртай байдаг”

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГТ НАЙЗУУД НЬ ТОГЛОДОГ

Монголын шигшээ багт Сасакигийн багийн андууд, дотно найз нь байгаа гэнэ. Тэдний нэг нь довтлогч Н.Наранболд (184 см өндөр, 80 кг). Биеийн хөгжил сайтай, баруун, зүүн аль ч хөлөөрөө хүчтэй цохидог тамирчин. Нэг клубт хамт хүчний дасгал хийдэг анд нь ажээ.

“Н.Наранболд бол тоглолтын өмнө, хойно ч үргэлж бэлтгэл дасгал хийдэг, хөдөлмөрч залуу. Японы шигшээ багийн Ёшида, Томиясү гэсэн хүчирхэг төвийн хамгаалагчдын эсрэг Н.Наранболд хэрхэн тоглохыг хармаар байна. Гоол хийгээсэй”

Амьдралынх нь мөрөөдлийг биелүүлж өгсөн Монгол орон, хөл бөмбөгийн шигшээ багт нь илгээх Сасакигийн энэ бодол монголчуудад хүрэх нь дамжиггүй.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bhagavad gita(1.223.35.59) 2019 оны 10 сарын 11

Hol bombog trainereesee ih shaltgaaldag yum baina lee

0  |  0
Доёбуу(66.181.180.96) 2019 оны 10 сарын 11

Өөрсдөдөө итгэхээс илүү юм гэж нэгээхэн ч байхгүй.Санаснаа л хийцгээгээрэй.Алалцана гээл дайр....

1  |  0
hyyhnee(64.119.24.72) 2019 оны 10 сарын 10

Dolgorsyren gyain sagsuu har bas end naaldsan yu hiij baigaan galzuu nuhur

1  |  0
дорж(202.131.253.54) 2019 оны 10 сарын 11

бэргэлгүй л үзээсэй дээ. Бид яаж барахав гэж бодоод унжийчихвал дэлхийн анти рекорд тогтоож нүдний булай болно шүү. Саяхан л аваргуудын лигт дэлхийн хэмжээний Ливерпулийн эсрэг австрийн дундаж ба гЗальцбург баг нутагт нь очиж тоглоод алангаа алдлаа шүү дээ. Тэдэн шиг л хожно гээд л үз. За амжилт.

3  |  0
БӨАБ(202.21.127.142) 2019 оны 10 сарын 11

муу урвагч самурай

1  |  6
mn(202.131.243.186) 2019 оны 10 сарын 11

ГОЁ ГОЁ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА. ДЭЛХИЙН СУПЕРҮҮДТЭЙ ТОГЛОНО ГЭДЭГ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ ЮМ ШҮҮ. ХИЧЭЭГЭЭРЭЙ.

5  |  0
Top