Э.Гуамарал “ТАВАН ЦАГАРИГ” Сайтамагаас дамжуулж байна.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 10-нд Японы Сайтама хотын “Сайтама-2002” цэнгэлдэх хүрээлэнд “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тэмцээний Азийн бүсийн хоёр дахь шатны “F” хэсгийн Япон-Монголын шигшээ багийн тоглолт болох юм.
Тоглолт орон нутгийн цагаар 19:35, Улаанбаатарын цагаар 18:35-д эхэлнэ.
Өчигдөр Монголын шигшээ баг тоглолтын өмнөх хэвлэлийн бага хуралд оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, дараа нь тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл хийснийг өмнө нь мэдээлсэн.
Бэлтгэлийн дараа Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал болон шигшээ багийн тоглогч Г. Билгүүн нартай товч ярилцлаа.
-Япон орон хэр зэрэг таалагдаж байна?
-Маш их таалагдаж байна. Цаг агаар, уур амьсгал , хамгийн гол нь япон хүмүүсийн амьдралын хэв маяг, зан заншил , харилцаа онцгой сайхан сэтгэгдэл төрүүлж байна.
-Монголын хөлбөмбөгийн тухай өөрийн тань бодол?
-Манай Монголд хөлбөмбөгийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа гэж боддог. Монголын хөлбөмбөгийн холбоо, шинэ удирдлага, зорилгоо зөв тодорхойлж, менежментийн шинэчлэл хийсэн нь үр дүнд хүргэж, Монголын хөлбөмбөгийг шинэ шатанд гаргаж байна.
-Таны өөрийн тоглолтын арга барил, давуу тал тань юу вэ?
-Хөлбөмбөг багийн спорт. Амжилт ч багийн дотоод уур амьсгал, эв нэгдлээс ихээхэн шалтгаалдаг. Тиймээс өөрийн тухай ярихын өмнө багийнхаа тоглогчдын тухай ярихыг хүсэж байна. Манай баг зорилго нэгтэй, хожлын төлөө хамтдаа зүтгэж чаддаг хамт олон. Бид нэгэн гэр бүл шиг, ахан дүүс шиг сайхан харьцаатай. Ийм залуустай нэг багт тоглож байгаадаа маш их баяртай байдаг. Миний хувьд зүүн жигүүрийн хагас хамгаалагчаар тоглодог. Багийнхаа довтолгоог алсын дамжуулалтаар хангах, хамгаалалт, довтолгоонд жигд оролцох, оновчтой цохилт хийхийг хичээж тоглодог.
-Тоглолтын үр дүн хэд байх бол?
-Хөлбөмбөгийн ямар ч тоглолтын дүнг урьдчилан хэлэх хэцүү байдаг. Бид өөрсдөд байгаа бүх хүч чадлаа гарган тоглоно гэдгийг л хэлж болох юм.
Г.БИЛГҮҮН: Бид Япончуудаас оноо салгахыг хичээнэ
-Та Японы шигшээ багийн болон тамирчдынх нь талаар хэр сайн мэдэх вэ?
-2002 оны дэлхийн аваргаас хойш Японы багийн тоглолтыг шимтэн үзэх болсон. Японы шигшээ багт тоглож байсан, тоглодог олон тамирчдыг мэднэ. Тэр дундаа Юто Нагатомо, Мая Ёшида, мөн 2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тоглож байсан Кэйсүкэ Хонда, Ясүхито Эндо нарыг хүндэлж явдаг.
-Монголын шигшээ багийн тоглогчийн хувьд маргааш ямархуу тоглолт харуулахыг хүсэж байна?
- Азид төдийгүй дэлхийн чансаанд өндөрт жагсдаг хүчирхэг багтай тоглох учир маш их хичээж тоглох болно. Бид энэ тоглолтоос оноо авах, цаашлаад маш том туршлага хуримтлуулах зорилготой байгаа.
-Японы J1 лигийн тоглолтуудыг үздэг үү? Аль багийг дэмждэг вэ?
- Монголын үндэсний дээд лигт олон япон тамирчин тоглодог. Тэднээс J1 лигийн талаар олон зүйлийг мэдэж авсан. Багуудаас гэвэл “Үрава Рэд Даймондс” багийг дэмждэг.
-Танд болон танай багийнханд амжилт хүсье!
-Баярлалаа.
Сэтгэгдэл ( 1 )
ҮХЭЖ БАЙВАЛ ТААРСАН БУЛАЙНУУД 6-0 оор хожигдохдоо яахавдээ. Ганц ч удаа эсрэг талруугаа довтлоогүй