Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Назарбаевт бараалхсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэдний уулзалтын үеэр яригдсан асуудлаас тодотгоё.
Нулсултан Назарбаев хэлэхдээ “Тусгаар тогтнолоо зарласан эхний өдрөөс л би Казахстан, Монголын харилцааг бэхжүүлэхийг хүссээр ирсэн. Бид бол түүхээр холбоотой улсууд. Монгол дахь 120 мянган казах үндэстэн бол хоёр улсын хоорон дахь амьд гүүр юм. Одоогоор хоёр улсын хоорондын худалдааны түвшин их доогуур байна. Таныг энэ асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэж байна” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан хэлжээ.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бүгд Найрамдах Казахстан Улсад албан ёсны айлчлалаар ирсэндээ их баяртай байна. Надтай уулзсан танд талархаж буйгаа илэрхийлье. Энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааг улам батжуулж, шинэ түвшинд гаргана гэж найдаж байна. Таны удирдлага дор Бүгд Найрамдах Казахстан Улс хэрхэн хөгжсөнийг харж, бахархаж байна” гэжээ.
Хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Мамин “Хоёр талын худалдаа, эдийн засгийн боломжоо бүрэн ашиглах хэрэгтэй. 2018 онд хоёр улсын хоорондын худалдаа эргэлт ердөө 35 сая ам.доллар байсан нь түүх газарзүйн хувьд маш ойр улсын хувьд баймгүй доогуур үзүүлэлт. Тэгэхээр худалдаа, эдийн засгийн нөөц бололцоогоо бүрэн ашиглъя. Казахстанаас Монголд нийлүүлж болохуйц 100-гаад төрлийн бараа бүтээгдэхүүн байна. Мөн Монголд 120 мянга гаруй казах үндэстэн байгаа нь хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн ажиллагааг өргөжүүлэхэд дэм болох боломжтой” гэж байр сууриа илэрхийлжээ.
Мөн энэ айлчлалын хүрээнд Улаанбаатар, Нур-Султан хоёр хот ах дүүгийн барилдлагатай болж, харилцаагаа цаашид хөгжүүлэхээр санамж бичиг байгуулав. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд ерөнхий төлөвлөгөөний төсөл хэрэгжүүлэхээр ярилцсан байна.
Дашрамд өгүүлэхэд, Монголд 120 мянган казах үндэстэн байдгийн 90 мянга нь Баян-Өлгий аймагт амьдардаг аж.
Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Нур-Султан хотноо Монгол, Казахстаны бизнес форум болж байгаа юм. Форумд манай талаас МҮХАҮТ, шилдэг аж ахуйн нэгжийг төлөөлж 32 компанийн 40 бизнес эрхлэгч оролцож байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ali boloh olon horshtei olon tunshtei baih heregtei. Bolomjooroo hariltsaatai baih heregtei shuu