ТОЙМ | Монгол, Казахстаны эдийн засгийн ХАРИЛЦАА

2019 оны 10 сарын 10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсад  айлчилж байна.

Жишиг ёсоор манай улс тус улстай харилцаагаа бүх шатанд ахиулах бодлого барьж буй. Айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын анхны Ерөнхийлөгч Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаев нарт бараалхах хөтөлбөртэй.

Албан ёсны хэлэлцээгээр улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсролын салбарын асуудлуудыг хэлэлцэх хүлээлттэй байна. Хоёр орны харилцааг улам бүр сайжруулсан, бодитой асуудлууд шийдэгдэх эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ. Нур-Султан хотноо болох Монгол, Казахстаны бизнес форумд Ерөнхий сайд оролцох юм.

Засгийн тэргүүн айлчилж буйтай зэрэгцэн Монгол, Казахстан хоёр улсын эдийн засгийн харилцаа ямар түвшинд байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя.

Манай улсын гадаад худалдаа 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 4.1 тэрбум ам.доллароор хэмжигдэж байхад  энэ үзүүлэлтийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний худалдааг Казахстан улстай хийсэн байсан.

Тэгвэл  манай улсын экспортын хэдэн хувийг Казахстан руу хийсэн экспорт  эзэлж буйг сүүлийн гурван жилийн статистикт тулгуурлан харъя. 

2017 оны 1-8 дугаар сард: Монгол Улс Казахстан руу 1098.4 мянган ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон нь  нийт экспортын 0.0 хувийг эзлэв.

2018 оны 1-8 дугаар сард: 1117.4 мянган ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон нь  нийт экспортын 0.0 хувийг эзлэв.

2019 оны 1-8 дугаар сард:  5499.0 ам.долларын экспорт хийсэн нь нийт экспортын 0.1 хувийг бүрдүүлж байна.

Казахстаны талын мэдээлснээр, тус улсад Монголын талын оролцоотой 32 байгууллага, ААН-ийн төлөөлөгчийн газар бүртгэгдсэнээс 23 нь идэвхтэй ажиллаж байгаа аж.

МҮХАТ-ын дарга О.Амартүвшин хэлэхдээ “Манай улсын гадаад худалдаа 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 4.1 тэрбум ам.долларт хүрээд байгаа ч энэ үзүүлэлтийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний худалдааг бид Казахстан улстай хийж байгаа нь үнэхээр чамлахаар тоо юм. Бид Казахстантай харилцаж хамтран ажиллах боломжоо алдах ёсгүй. Хоёр улсын хооронд бие биеэ дэмжин хамтарч ажиллах боломж бололцоо их бий”  гэж байсан.

Бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих үүднээс манай улсын хувьд хамгийн чухал нөхцөл нь тээвэр, ложистик юм. Үүнийг хөнгөлөх асуудлаар Казахстан улс гишүүнийхээ хувьд Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааны холбоотой ярилцана гэдгээ зургаадугаар сард мэдэгдэж байсан юм.

Манай улс энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Казахстан  руу 306,1 мянган ам. долларын ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт хийгдсэн бол Казахстанаас 7,6 сая ам. долларын цай, ургамлын тос, хөвөн бөс бараа, хүнсний бүтээгдэхүүн, тамхи, давсны импорт хийгдсэн байна.

Хоёр улсын  харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж буй 50 орчим Гэрээ, Хэлэлцээр үйлчилж байгаагаас эдийн засгийн агуулгатайг нь тодотговол: 

1992 онд  Монгол Улс, БНКазУ-ын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон төлбөрийн тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр байна. Мөн Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрийг энд дурдах хэрэгтэй. 

Бидний хувьд өнгөрсөн олон жилүүдэд яригдсан хуучирдаггүй сэдвүүдийн нэг БАЯЛГИЙН САН. Тэгвэл баялгийн сангийн үр өгөөжөө өгсөн тод жишээнүүдийн нэг нь Казахстаны Үндэсний сан. Тиймээс тэднээс туршлага судлах ёстойг судлаачид хэлдэг.


Тэдний ТУРШЛАГА

Казахстаны Үндэсний сангийн хөрөнгийн итгэмжлэгдсэн удирдлагыг Казахстаны Үндэсний банк хэрэгжүүлдэг. Үүнийхээ төлөө улирал бүр сангийн хөрөнгийн тодорхой хэсгийн 0.075 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авдаг.Үндэсний сангийн хөрөнгө нь тогтворжуулалтын хэсэг, хадгаламжийн хэсэг гэж хоёр хуваагддаг. Хадгаламжийн хэсгийг  хөрөнгө оруулалтын зориулалтаар ашигладаг. Хадгаламжийн хэсгийн хөрөнгийн 75 хувийг орлого нь тодорхой үнэт цаасанд, 25 хувийг хувьцааны хөрөнгө оруулалтад оруулдаг. Хөрөнгө оруулалтыг зөвхөн гадаадын хөрөнгийн зах зээл дээр гадаад валютаар байршуулдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын төрөл бүрийн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн зах зээлийн хэрэгслүүдэд өндөр хөгжилтэй улсуудын зах зээл дээр байршуулдаг байна. Казахстаны үндэсний сангийн активийн гадаад удирдлагыг дэлхийн томоохон банкууд болох Citibank, Deutsche bank, ABN Amro зэрэг  банкууд гүйцэтгэдэг. Тус сангаас дотоодын зах зээл дээр хөрөнгө оруулдаггүй. Үндэсний сангийн  хуримтлалын эх үүсвэр нь  нефтийн салбарын шууд татварууд, тус салбарын ашгийн татвар, нөөц ашигласны төлбөр, үнийн өсөлтийн албан татвар, бүтээгдхүүн хуваах хувийн төлбөр зэрэг юм. За мөн   хөдөө аж ахуйн зориулалттай газрыг худалдан борлуулсны төлбөрийн орлого, Казахстан улсын татварын хууль тогтоомжоор хориглоогүй бусад татвар орлогыг тус санд төвлөрүүлдэг аж.

Мөн дашрамд, Казахстан орны эдийн засгийн өнгө төрх өнөөдөр ямар байгаа талаар тодруулъя.


Тэдний ЗОРИЛГО

Дундад азид эдийн засгийн чадавхиараа тэргүүлэгч тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 1990–2017 оны хооронд 236.60 тэрбум ам.доллароор өсжээ. Харин ДНБ-ийх нь өсөлт иргэдийнх нь бодит амьжиргааны түвшинд жинтэй нөлөө үзүүлж байна уу гэдэгтэй холбоотой шүүмжлэлүүд бий. 

Дэлхийн банкнаас жил бүр танилцуулдаг “Бизнес эрхлэхүй 2015” жагсаалтад Казахстан улс  77 дугаар байрт бичигдэж байв. Тэгвэл энэ жил “Бизнес эрхлэхүй 2019” жагсаалтад 28 дугаарт бичигджээ. 

Мөн Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн өрсөлдөх чадварын индексийн 2017-2018 оны тайланд 57 дугаарт Казахстан улс эрэмбэлэгдсэн үзүүлэлттэй байна.

Албаа өгсөн ч эрх мэдлээ хадгалсан хэвээр гэгддэг Н.Назарбаев  2014 оны арваннэгдүгээр сарын 11-нд  “Нурли жол” илгээлтээ танилцуулж,  эдийн засгийн шинэ бодлого хэрэгжүүлэх гэж буйгаа зарлаж байв. Мөн тус улс байгалийн баялгийг үр ашигтай ашиглаж, зохистой хуваарилахад чиглэсэн Ногоон эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхэд тууштай ажиллаж буй. Н.Назарбаевын санаачилгаар  “ногоон” эдийн засагт шилжих үзэл баримтлал боловсруулагдан гарч байв. Тус үзэл баримтлал нь Казахстаны  ард иргэдийн  амьдралын чанарыг сайжруулах замаар шинэ бүтэцтэй эдийн засагт шилжихэд чиглэсэн. Дэлхийн өндөр хөгжилтэй 30 орны тоонд орох зорилттой. Эхний шатанд, 2013–2020 онд  Ногоон дэд бүтцийг бий болгохоор ажиллаж буй бол 2020–2030 онд  байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, өндөр технологид суурилсан сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхэд,  2030–2050 онд  Аж үйлдвэрийн гурав дахь хувьсгал руу шилжих зорилтуудыг тусгажээ.

КАЗАХСТАН УЛС БАЯЛГИЙН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ХЭРХЭН ЭРЭМБЭЛЭГДДЭГ БОЛОХЫГ ХҮРГЭЕ
 

  • Газрын тос- 12
  • Нүүрс -8
  • Төмрийн хүдэр -12
  • Уран -2
  • Хөнгөн цагаан -14
  • Молибден – 11
  • Хром -1
  • Цайр -7
  • Алт -10
  • Мөнгө – 5
  • Зэс -13
  • Тугалга -11

ТЭГВЭЛ ТУС УЛС ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ДЭЛХИЙД ХЭРХЭН ЭРЭМБЭЛЭГДДЭГ ВЭ?
 

  • Газрын тос- 18
  • Нүүрс -10
  • Төмрийн хүдэр -13
  • Уран -1
  • Хөнгөн цагаан -11
  • Молибден – 12
  • Хром -3
  • Цайр -9
  • Алт -18
  • Мөнгө –12
  • Зэс -11
  • Тугалга -10

КАЗАХСТАН УЛСЫН ТАТВАРЫН ОРЧНЫГ ОХУ, БНХАУ-ТАЙ ХАРЬЦУУЛАХАД

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар  нь  Казахстанд 20 хувь, ОХУ-д  20 хувь,  БНХАУ-д  25 хувь байна.

Нэмүү өртгийн албан татвар Казахстанд 12 хувь, ОХУ-д  18 хувь,  БНХАУ-д  17 хувь

Хөрөнгийн татвар Казахстанд  1.5 хувь, ОХУ-д 2.2 хувь, БНХАУ-д  хөрөнгийн үнэлгээний 1.2 хувь,  Түрээсийн талбайд 12 хувь


ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

2005 оноос хойш, аж үйлдвэрийн салбарт орж ирсэн ГШХО-ын нийт хэмжээ 23.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2010-2014 онд, аж үйлдвэрийн салбарын ГШХО 17.6 тэрбум ам.доллар байсан нь 2005 оноос хойш хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын 74 хувь гэж бүртгэгджээ.

Хөрөнгө оруулахад дараах байдлаар Гаалийн татвараас чөлөөлдөг.

Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд,  гэрээг бүртгүүлснээс хойш 5 жилээс хэтрэхгүй, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлнө. Үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс шалтгаалж, хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, түүхий эд материалыг 5 хүртэлх жилийн хугацаанд импортын гаалийн татвараас чөлөөлнө.

2014 оноос хойш Засгийн газраас баталсан Тэргүүлэх чиглэлийн хөрөнгө оруулалтын төсөлд олгох урамшуулал гэж гарч ирсэн.
 

  • ААН-ийн орлогын албан татвар /10 жил/
  • Газрын татвар /10 жил/
  • Хөрөнгийн татвар /8 жил/

  КАЗАХСТАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮЛЭХ САЛБАРУУД
 

  • Төмөрлөгийн салбар: Хар төмөрлөг, Өнгөт төмөрлөг
  • Химийн үйлдвэрлэл: ХАА-н химийн үйлдвэрлэл, Аж үйлдвэрт ашиглах химийн бодисны үйлдвэрлэл
  • Петро-химийн үйлдвэрлэл: Газрын тосны боловсруулалт, Петро-химийн үйлдвэрлэл
  • Машин механизм:  Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, Цахилгаан тоног төхөөрөмж, ХАА-н машин механизмын инженерчлэл, Төмөр замын машин механизмын инженерчлэл, Уурхайн тоног төхөөрөмж,  Газрын тос олборлох тоног төхөрөөмж; газрын тос, хий боловсруулах тоног төхөөрөмж
  • Барилгын материалын үйлдвэрлэл
  • Хүнсний үйлдвэрлэл

Казахстан нь газар зүйн байршлаараа зүүнээс баруун, хойноос урагшаа чиглэлтэй транзитын үндсэн замуудын байгалийн зангилаа болдог. “Баруун Европ – Баруун Хятад”-ын тив дамжсан транзит автозам Казахстанаар дамжин өнгөрөх бөгөөд тус замаар ачаа барааг Хятадаас Европ руу 10 хоногт тээвэрлэх боломжтой аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.141.115) 2019 оны 10 сарын 10

Mangar pizda ve

0  |  0
Top