Таканофүжи зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 13

Туслах бөхөө зодсон хэргээр Сүмо бөхийн холбооноос зодог тайлах шийтгэл хүлээсэн Чиганоүра дэвжээний жюүрёо зиндааны бөх Таканофүжи холбоотой шүүхдэн заргалдана гэж мэдэгдээд байсан билээ. Зодог тайлах шийтгэл гэдэг нь хэргийнхээ хариуцлагыг хүлээгээд зодог тайл, тэгвэл шийтгэл оноохгүй гэсэн утгатай бөгөөд эсэргүүцвэл Сүмогийн холбооноос хөөх шийтгэл оноодог. Зодог тайлбал холбооноос тэтгэмжийн мөнгө  авна, харин хөөгдвөл юу ч үгүй хоцордог дүрэмтэй.

Харин Таканофүжи зодог тайлах шийтгэл хэтэрхий хүнд байна хэмээн Боловсролын яам, Спортын газарт хандан гомдол мэдүүлж байсан. Гэвч Сүмогийн холбоо шийтгэлээ өөрчлөх бодолгүй байсан тул ийнхүү 22 настайдаа зодог тайлахаас өөр аргагүй болжээ.

Таканофүжи “Барилдах хүсэл байгаа ч Сүмогийн холбоотой заргалдсаар залхлаа. Энэ холбооны ирээдүйд санаа зовж байна. Шударгаар шийдсэн байсан ч надад байх газар олдохгүй биз ээ” гэж бичгээр мэдэгдэл хийжээ.

Зодог тайлах ёслол хийх эсэх нь тодорхойгүй бөгөөд холбооноос нэг сая 900 мянган иэнийн тэтгэмж авах гэнэ. Ийнхүү Таканохана оякатагийн бас нэгэн шавь зодог тайллаа. Өнгөрсөн жил Таканоива мөн дэглэлтийн хэргээр зодог тайлж байв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэн Даруй(202.9.44.29) 2020 оны 12 сарын 29

Таканахано сда шигээ сумочид юм

1  |  0
Top