Видео: Н.Баатар, Д.Бумбаяр ахмадын дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 13

Чөлөөт бөхийн Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-13-нд Гүржийн нийслэл Тбилисид болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр С”, “D” ангиллын жингүүдийн урьдчилсан болон шигшээ барилдаан боллоо. Энэ өдөр манай улсаас 13 тамирчин хүч үзсэнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.

“С” ангиллын 70 кг-ын жинд “Тулгат” клубийн тамирчин, Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Нямжавын Баатар, “D” ангиллын 130 кг-д МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, үндэсний бөхийн улсын заан, спортын мастер Дамирангийн Бумбаяр нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэд мастеруудын дэлхийн аваргад түрүүлсэн Монголын долоо, найм дахь тамирчин болж байна.

2016 онд мастеруудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан Н.Баатар Тбилисид дөрвөн барилдаан хийхдээ бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, аваргын тавцанд зогссон бол Д.Бумбаяр Мастерст анх удаа зодоглож Герман, АНУ, Казахстан, эзэн орны бөхчүүдийг илүүрхлээ.

Түүнчлэн “С” ангиллын 130 кг-д мастеруудын дэлхийн аваргын хамгийн олон медальт ОУХМ Шурагийн Баянмөнх мөнгө, 62 кг-д 2016 оны дэлхийн аварга ОУХМ Гэндэндоржийн Баасансүрэн хүрэл медаль хүртэв.

ОУХМ Ш.Баянмөнх Тбилисийн дэвжээнд шигшээ барилдаанд “Атланта-1996”, “Сидней-2000” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, хошой мөнгө, нэг хүрэл медальт, Европын таван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Эльдар Куртанизед цэвэр ялагдсан. Энэ нь түүний мастеруудын ДАШТ-ий гурав дахь мөнгөн медаль болж байна. Үүнээс гадна түүний медалийн цуглуулгад зөвхөн чөлөөт бөхийн төрөлд дөрвөн хүрэл медаль бий. Г.Баатарсүрэн 2016 онд Польшид түрүүлж, өнгөрсөн жил Македонд гурвалж, энэ удаа Гүржид дахин хүрэл медалиар энгэрээ мялаалаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(180.150.82.98) 2019 оны 10 сарын 14

AHMAD MASTER TAMIRCHDIIN GEVEL ILUU UNEND OIR YMUUDAA.TEMTCEENIIH N ARD VETERAN WORLD GEED BJ BNASHUUDEE...

0  |  0
Top