Даам: Шинэ аваргууд мэндэлсэн ахмадын УАШТ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдорж агсны нэрэмжит ахмад даамчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Төмөр замын дээд сургууль дээр боллоо. 27 дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд нийт 46 даамчин өрсөлдсөн юм.

Эрэгтэйчүүдийн 51-64 насны ангилалд 16 даамчин швейцарь системээр 7 өрөг тоглоход ДДХМ Д.Ганболд (“Энэрэл” клуб) 11 оноогоор аваргалж, спортын мастер Л.Гансүх (БЗД), спортын мастер Д.Чойжилсүрэн (“Сонгодог байрлал” клуб) нар 10 оноогоор удааллаа. Д.Ганболдын хувьд хоёр жил дараалан улсын аваргын алдрыг хүртэж байгаа аж. Тэгвэл эрэгтэйчүүдийн 65-аас дээш насны ангилалд 20 даамчин ухаанаа уралдуулж, дэд мастер Ц.Батхүү (БЗД) 12 оноо авсан амжилтаар анхны түрүүгээ хүртэж, өнгөрсөн жилийн аварга спортын мастер П.Бат-Очир (БГД) 11 оноогоор мөнгө, тус тэмцээний 5 удаагийн аварга спортын мастер Т.Пүрэвдорж (Монгени) хүрэл медалийн эзэн боллоо.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд 10 тамирчин швейцарь оноолтын дагуу 6 тавил өрсөлдсөнөөс дэд мастер Д.Отгонцэцэг (ЧД) түрүүлж, дэд мастер Д.Мөнхзаяа (Баянхонгор) удаалсан. Тэд адилхан 10 оноотой гарсан бөгөөд коэффициент буюу нэмэлт үзүүлэлтийн давуугаар Д.Отгонцэцэг улсын аварга даамчнаар шалгарсан. Хүрэл медалийг хамгийн ахмад оролцогчдын нэг 77 настай М.Бумбааш (Дорноговь) хүртсэн юм. Тэмцээний тусгай шагналыг дэд мастер Ц.Эрдэнэдалай (СХД), Н.Ядамдорж (Архангай), Х.Цэрэндаш (Дархан-Уул), I зэргийн тамирчин М.Дамдинсүрэн (БЗД), А.Оюун (БЗД) нар олголоо.

Энэ үеэр зохиогдсон түргэн тоглолтын тэмцээнд 29 тамирчин өрсөлдөж, ДДХМ Д.Ганболд (“Энэрэл” клуб), спортын мастер Р.Цэнд (БЗД), Л.Гансүх (БЗД) нар эхний гурван байрыг эзэлжээ.

Тэмцээнийг Ж.Нямдорж агсны гэр бүл, үр хүүхдүүд уламжлал ёсоор 15 дахь жилдээ ивээн тэтгэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top