Александр Крестинин: Киргизийн баг ялахын төлөө Монголд ирсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

“Катар-2022” дэлхийн аваргын тэмцээн, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Манай шигшээ баг F хэсэгт Япон, Мьянмар, Тажикстан, Киргизийн багтай нэг хэсэгт орсон.

Хэсгийг тус бүр хоёр ялалттай Япон, Тажикстаны шигшээ тэргүүлж, Монгол, Киргизийн багууд нэг ялалттай удаалж, харин нэг ч ялаагүй байгаа Мьянмарын баг хамгийн сүүлд бичигджээ.

F хэсэг

1. Япон — 6 оноо (+8)

2. Тажикстан — 6 оноо (+2)

3. Киргиз — 3 оноо (+6)

4. Монгол — 3 оноо (-6)

5. Мьянмар— 0 оноо (-10)

Манай баг маргааш /2019.10.15/ Киргизийн багийг талбайдаа хүлээн авах бол хэсгийг тэргүүлэгч Японы шигшээ баг Душанбед зочилж байгаа. Энэ хоёр тоглолтын үр дүнгээс F хэсгийн байдал маш их хамаарна. Өнөөдөр багууд хэвлэлийн бага хурал хийлгэж, маргаашийн тоглолтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Эхлээд зочин багийн хурал болж, Киргизийн багийн ерөнхий дасгалжуулагч Александр Крестинин, багийн ахлагч Валерий Кичин нар оролцлоо.

А.Крестинин – Өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө сайхан хүлээж авсанд баярлаж байгаагаа хэлье. Монголд ирсэндээ баяртай байна. Бэлтгэх хийх нөхцөл сайн байна. Манай Бишкекийг бодвол хүйтэн, сэрүүхэн байгаа ч тухтай байна. Баг маргаашийн тоглолтод бэлэн. Бэлтгэл төлөвлөгөө ёсоор явж байна.

-Маргаашийн тоглолтын талаар?

-Бид тоглолт болгонд ялахын төлөө тоглодог. Манай баг гурван оноо авахын төлөө ирсэн. Маргааш хоёр баг сайхан тоглолт үзүүлнэ гэдэгт итгэж байна.

-Мьянмартай тоглосон бүрэлдэхүүнээ өөрчлөх үү? Багийн ахлагч Азамат Байматов гэмтэлтэй байгаа гэсэн?

-Манай багт хэд хэдэн гэмтэл дараалан гарсан тул бүрэлдэхүүнээ өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Мөн өрсөлдөгч багтай тааруулан хэд хэдэн тоглогчоо сольж байгаа. Яг одоо хэн сайн байна түүнийг талбайд гаргана гэж бодож байгаа. Мьянмартай хийсэн тоглолтоос өөр тактиктай тоглох болно.  

-Хэсгээс шалгарахын тулд Киргизийн багийн гол өрсөлдөгч нь Тажикстаны шигшээ байгаа. Оноо тэнцсэн тохиолдолд гоол тоолох болно. Тажикстан манай багийг 1-0 ялсан. Танай баг илүү олон тоогоор хожих зорилготой байгаа юу?

-Бид маргааш ялахын тулд тоглоно. Ялна гэдэг маань өрсөлдөгч багаас илүү гоол оруулахыг хэлдэг. Олон гоол хийх зорилго байхгүй, ялах л чухал. Гоолын харьцаа зэрэг нэмэлт үзүүлэлтийг одоо тоолох цаг биш. Гол нь ялалт. Монголын баг Японд олон тоогоор ялагдсанд бид анхаарал хандуулахгүй байгаа. Бид маш хариуцлагатай бэлтгэж байгаа. Учир нь монголчууд сүүлийн үед талбай дээрээ, фэнүүдийнхээ өмнө маш сайн тоглож байгаа. Маргааш өрсөлдөөнтэй тоглолт болно.

-Та Киргизийн багийг 2014 оноос удирдсан. Энэ хугацаанд Киргизийн баг үсрэнгүй амжилт гаргалаа. Та юун дээр анхаарч ажилласан бэ?

-Бид маш их ажилласан, шаргуу бэлтгэл хийсэн. Зөв бэлтгэл хийхээр хөлбөмбөгчдийн хандлага, хүсэл эрмэлзэл өөрчлөгдөж ирсэн. Бүгд хичээн, зүтгэсний үр дүн гэж бодож байгаа.

-Маргааш тоглолт хиймэл зүлэгтэй талбайд болно. Танай баг тоглолтоо ямар талбайд хийдэг вэ?

-Бид жинхэнэ талбайд бэлтгэл хийж тоглодог. Харин маргааш хиймэл зүлгэн дээр тоглох нь. Гэхдээ бидэнд урьдчилан анхааруулсан тул санаа зовох зүйл үгүй.

-Хиймэл зүлэг, энгийн талбайд тоглоход хэр ялгаатай байдаг вэ?

Валерий Кичин – Ялгаа маш их. Хиймэл талбайд тоглоход гэмтэл авах эрсдэл өндөр, булчин илүү ядардаг.

-Монголын багийн талаар юу мэдэх вэ?

-Бид Монголын тоглолтыг задлан шинжилсэн. Бичлэгийг нь үзсэн. Хангалттай сайн баг. Маргааш бидэнд амар биш байх болно. Сайн өрсөлдөгч. Үнэнийг хэлэхэд би Монголын хөлбөмбөгийн талаар сайн мэдэхгүй. Гэхдээ ялахын төлөө л тоглоно. Бид гурван оноо авахын тулд Монголд ирсэн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дунга(78.92.116.60) 2019 оны 10 сарын 14

Тоглолтын эхний бөмбөгийг л оруулах хэрэгтэй. Тэгвэл цааш нь манай залуучууд аваад л явчихна.

0  |  0
Top