Өчигдөр /2019.10.15/ “Катар-2022” ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт явагдаж, Монгол, Киргизийн шигшээ багууд Улаанбаатарт Монголын Хөлбөмбөгийн холбооны талбай дээр өрсөлдлөө.
Оноо тэнцүү байсан хоёр багийн хувьд хэн ялсан нь хэсэгтээ хоёрдугаар байрт дэвших боломж олгох чухал тоглолт байлаа. Сүүлийн тойрогт Японы багт 0:6 ялагдсан манай баг, Мьянмарын багийг 7:0 хожсон Киргизийн баг. Гэхдээ манай шигшээ талбай дээрээ, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө ямар ч хүчтэй багтай маш сайн тоглодог болоод байгаа билээ. Дасгалжуулагч Майкл Вайсс сүүлийн хоёр жилд хийсэн ажлынхаа үр дүнг энэ тоглолтод харуулна гэж хэлсэнчлэн Киргизтэй хийсэн тоглолт манай багийн хувьд оноо авах хамгийн сүүлийн боломж байлаа гэхэд болно. Учир нь манай багт талбай дээрээ хийх тоглолт ганц үлдсэн нь Японтой хийх тоглолт. Дараа нь Мьянмар, Тажикстан, Киргизийн талбайд зочлох тул оноо авахад тун хэцүү.
Манай баг хангалттай сайн тоглосныг хэлэх хэрэгтэй. Хөлбөмбөгийн дээд түвшний тоглолтод ч аз хийморь хэрэгтэй байдаг. Харин энэ удаад бидэнд аз дайрсангүй, 1:2 ялагдлаа.
Тоглолтын 15 дахь минутад Гульжигит Алыкулов гоол хийсэн. Хамгаалалтын алдаа байлаа.
42 дахь минутад хаалттай цохилтоос эхэлсэн Киргизийн довтолгоо мөн л гоол болсон. Хаалганы өмнө ганцаараа зогсож байсан Мирлан Мурзаев ирсэн бөмбөгийг хийх л үлдсэн байв. Мөн л хамгаалалтын алдаа.
Хоёрдугаар үед О.Мижиддоржийн авчирсан 11 метрийн торгуулийн цохилтыг багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай хийснээр тооны харьцаа 1:2 болсон. Хугацаа дуустал манай баг гоол оруулах дөхсөн ч Д.Төрбат, А.Дөлгөөн, О.Мижиддорж нар боломжоо ашиглаж чадсангүй.
Тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр манай дасгалжуулагч Вайсс ялалт байгуулах боломжоо алдсанаа хэлж байлаа. Манай үндэсний шигшээ баг дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 19-нд Мьянмарын талбайд хийнэ.
Майкл Вайсс “Манай баг сайн тоглосон гэж би хэлнэ. Гоол оруулах боломж хангалттай гаргалаа. Гэвч хамгаалалтдаа алдаа гаргаж, Киргизэд бэлэг барьчихлаа. Тэд ч ашиглаж чадлаа. Гэхдээ манай залуучууд улам сайжирсаар байгааг харахад сайхан байна. Харин бид хөдөлмөрийнхөө үр дүнг авч чадахгүй байгаа нь харамсалтай. Ирэх жил бид илүү дээд түвшинд гарах болно. Киргиз бол Азийн шилдэг 16 багийн нэг. Турк, Орос, Беларусь, Германы лигийн тоглогчидтой. Туршлага дутлаа. Дараагийн тоглолтуудад ийм алдаа гаргахгүйн тулд ажиллана”.
Киргизийн багийн дасгалжуулагч Александр Крестинин “Хэцүү тоглолт байлаа. Эхний үед бид маш сайн тоглосон бол хоёрдугаар үед асуудал их гарсан. Алдаагаа дүгнэн ярилцах болно. Ялалтдаа баяртай байгаа ч 2:1 гэсэн тоонд сэтгэл хангалуун биш байна. Олон тоогоор ялах төлөвлөгөөтэй байлаа. Тоглолтыг тайван дуусгах байтал бид хаалгандаа гоол алдаад, монголчууд ч илт сэргээд эхэлсэн. Гэхдээ ямар ч гэсэн ялалтаа алдаагүйдээ баяртай байгаа. Мьянмар, Монголыг ялаад зургаан оноо авсан маань чухал байна. Монголчууд талбай дээрээ сайн тоглодог гэж би хэлж байсан. Үнэхээр тэд сайн байсан”.
Манай хэсгийн нөгөө тоглолтод Японы шигшээ баг Тажикстаныг талбай дээр нь 3:0 ялжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Gehdee tun sain togloson shuudee !
udaan bnaa bumbug ezemshihdee
Бөмбөг тоглож чадахгүй юм бна аа боль боль хийх ажил их байхад аргаа барсан хүүрнүүд
Mongolchuud ovsgoo samba muutai yum bol uu hol muutai yum bol uu