“Катар 2022” дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатанд хоёр Солонгосын баг нэг хэсэгт орсон билээ. Өчигдөр БНАСАУ-ын нийслэлд хоёр багийн тоглолт боллоо. Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид 1990 оноос хойш бараг 30 жилийн дараа анх удаа хойд зүгийн ах дүү нарынхаа нутагт очиж байгаа нь энэ юм. Хоёр хөршийн харилцаа хүнд хэвээр байгаа ч ямар ч гэсэн 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны үеэс ахиц гарсан нь харагдлаа. Учир нь тэр үед хоёр Солонгосын тоглолт Хятадын Шанхайд болж байлаа. Хойд Солонгосын Засгийн газар өмнөд хөршийнхөө тугийг Пёньянд мандуулж, сүлд дууг нь эгшиглүүлэхээс эрс татгалзаж байв.
Цэнгэлдэх хүрэх зам
Сөүл, Пёньян хоёр нийслэлийг төмөр замын Кёнъисон шугам холбодог. 1906 онд байгуулагдсан эртний зам бөгөөд 1945 он хүртэл ашиглагдаж байгаад Солонгосын дайнаас хойш хаагджээ. 2007 онд Өмнөд Солонгосын Засгийн газрын тусламжийн барааг энэ замаар зөөж байсан ч бас л хаагдсан. Хоёр нийслэлийн хооронд агаарын холбоо, зам байхгүй. Өмнөд Солонгосоос хөлбөмбөгийн багаа онгоцоор илгээх хүсэлт гаргасан ч хойдууд хүлээн аваагүй тул БНСУ-ын баг эхлээд Бээжинд очиж, тэндээсээ Пёньян оржээ.
Тоглолтын өмнөх тушаал
Өмнөд Солонгосын багийнхныг Бээжин дэх ЭСЯ-ндаа гар утас, компьютероо орхихыг даалгасан. Харилцаа холбооны ямар ч төхөөрөмж ашиглаж болохгүй гэсэн тул эсэн мэнд байгаагаа гэр бүлийнхэндээ ч мэдэгдэж чадаагүй байна. Өмнөд Солонгосын хөлбөмбөгчдөд Хойд Солонгост биеэ хэрхэн авч явах талаар хичээл зааж, эд зүйлсээ мартаж болохгүй гэж хатуу сануулсан тул зарим тоглогч айдас хүйдэст автсан байлаа.
БНСУ-ын шигшээ багийн хамгаалагч И Чже Ик “Би Пёньян орохоос айж байна. Эсэн мэнд эргэж ирэх байгаа даа” гэж ярьж байв.
Хэвлэл мэдээлэлгүй тоглолт
Өмнөд Солонгосын сэтгүүлчдэд сурвалжлах зөвшөөрөл өгөөгүй. Тоглогч, дасгалжуулагчаас бусад хүнд виза олгоогүй. Хойдууд хэнд ч тоглолтыг дуусахаас нь өмнө үзүүлэх хүсэлгүй байсан бололтой. Гэхдээ тоглолтын бичлэгийг Өмнөд Солонгосын багт гэртээ харихаас нь өмнө өгчээ. Хэвлэлийн төв байсан ч интернэтийн хурд маш удаан тул мэдээ дамжуулах арга байсангүй. Утасны холбоо байгаагүй аж.
Бас үзэгчгүй
Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэн 50 мянган хүний багтаамжтай. Хойд Солонгосын хөлбөмбөгийн холбооноос 40 мянган үзэгч ирнэ гэж зарлаж байсан ч тоглолт болох өдөр гэнэт шийдвэрээ өөрчилсөн. Азийн хөлбөмбөгийн холбоонд урьдчилан мэдэгдээгүй байна. Учир шалтгааныг тэд мэдээж тайлбарлаагүй. Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жанни Инфантино хувийн онгоцоор нисэж очсон бол БНАСАУ дахь Шведийн элчин сайд Йоахим Бергстрем тоглолтыг үзсэн бараг цорын ганц үзэгч байлаа.
0:0
Тоглолт тэнцээгээр дууссан. Италийн “Ювентус” багт тоглодог Хойд Солонгосын довтлогч Хан Кван Сон талбайд гарчээ.
БНАСАУ – БНСУ 0:0 (0:0, 0:0)
10.15, 11.30, “Kim II Sung Stadium”
БНАСАУ – An, Ли Ен Чхоль, Сим Хен Чжин (Kum-chol, 81), Ким Чхоль Бом, Чжан Кук Чхоль, Пак Мен Сон, Ри Ен Чжик, Ри Ын Чхоль, Пак Кван Рен (Ким Ен Иль, 90), Чжон Иль Гван, Хан Кван Сон.
БНСУ – Ким Сын Гю, Ким Мун Хван, Ким Мин Чжэ, Ким Чжин Су, Ким Ен Гвон, Чжон У Ен, Хван Ин Бом (Квон Чхан Хун, 65), Ли Чжэ Сон, Сон Хын Мин, Хван Ый Чжо (Ким Син Ук, 79), На Сан Хо (Хван Хи Чхан, 46).
Шар хуудас: Ри Ен Чжик (30), Ри Ын Чхоль (46), Ким Ен Гвон (55), Ким Мин Чжэ (62).
Сэтгэгдэл ( 0 )