Японы домогт аварга асан Тайхогийн ач, 18 настай Ная Коосэй мэргэжлийн сүмод орлоо. Коосэй Отакэ дэвжээнд элссэн бөгөөд тус дэвжээнд түүний ах Ная Коонүсүкэ барилдаж байгаа билээ.
Алдарт аваргын ач Сайтамад хэвлэлийн бага хурал хийлгэж, мэргэжлийн сүмод хүч сорих болсон талаараа мэдэгдлээ.
Хурал дээр тэр “Хурдан удаан нь хамаагүй, цолтой бөх болох хүсэлтэй” гэж ярилаа.
Коосэй бол Тайхо аваргын ач, сэкивакэ асан Такаторикигийн отгон хүү. Түүний ах Коонүсүкэ өнгөрсөн оны нэгдүгээр сард мэргэжилд орж, Ная нэрээр барилдан, одоо макүшитагийн 10 дээр дэвшээд байгаа. Жюүрёо зиндаанд ороход тун ойрхон ирээд байгаа. Коонүсүкэ сонирхогчдын сүмогийн хэд хэдэн тэмцээнд түрүүлж байсан бол дүү нь ахлах сургуулиудын АШТ-ий шилдэг 32-т шалгарсан нь хамгийн том амжилт. Багш нь дээд сургуульд орохыг зөвлөсөн ч багаасаа сүмо бөх болох хүсэлтэй байсан гээд ахынхаа Отакэ дэвжээг сонгожээ.
32 түрүүлсэн их аварга өвөөгийнхөө талаар “Зөөлөн зантай өвөө байсан. Би сүмо барилдаж эхлээд л өвөөгөө агуу бөх байсныг ойлгосон. Коонүсүкэ ах “Мэргэжлийн сүмод орохоор Тайхо аваргын ач гээд олны анхаарлыг их татна. Хүндлэх мэндлэх ёсоо марталгүй хичээ. Ахлах сургууль шиг амархан эд биш шүү” гэж зөвлөгөө өгсөн. Үнэхээр их аваргын ач юм гэж хэлүүлэхээр барилдахыг хичээнэ” гэж хэлсэн байна.
183 см өндөр, 135 кг жинтэй. Тэрбээр 11 дүгээр сарын башёд шинэ бөхийн шалгалтад орж, тэнцвэл маэзүмо барилдаж эхэлнэ. Шинэ бөхийн ёслолд өвөөгийнхөө гоёлын мавашиг зүүхээр төлөвлөсөн гэнэ.
Ахлах сургуулийнх нь багш Ямада “Ах шигээ амжилт гаргаагүй ч хичээнгүй сайн хүүхэд. Ирээдүйд сайн сүмоч болж чадна. Жин нэмчихвэл ч гэнэт цоороод гараад ирэх магадлалтай залуу” гэж дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )