Бувайсар Сайтиев Бельгид клубтэй болжээ

2019 оны 10 сарын 17

Бельгийн Ойпен хотод бөхийн “Saitiev Eupen” баг байгуулагджээ. Нэрээс нь та бүхэн анзаарсан байх, чөлөөт бөхийн домог ах дүү Сайтиевуудын нэрэмжит баг.

“Saitiev Eupen” баг Германы бөхийн лигийн тэмцээнд энэ жилээс оролцож байгаа. Лигийг “Испринген” багийн эзэн Вернер Кох гурван жилийн өмнө байгуулсан. Германы бөхийн таван том баг холбоотойгоо санал зөрөлдсөнөөс тусдаа лигийн тэмцээн зохион байгуулах болсон юм. Германы чөлөөт бөхийн Бундеслигээс тус холбоог шүүхэд өгсөн ч шинэ лиг шүүхэд ялалт байгуулаад байгаа. Багийн бүрэлдэхүүн, үзэгч, өрсөлдөөн нь Бундеслигээс даван гарч байгаа лиг гэнэ.

Бувайсар Сайтиевийн багт хамгийн алдартай бөх нь 2013 оны дэлхийн аварга Бекхан Гойгереев, Риогийн олимпын медальт Альберт Саритов байна. Ихэнх бөхчүүд нь дагестан, чечень залуучууд ажээ.

“Saitiev Eupen” баг нэмэгдсэнээр лиг зургаан багтай болсон. Гурван багтай хоёр хэсэг болон хуваагдаж, эхний дөрвөн баг хасагдах шатанд шалгарна. Финалын барилдаан нэгдүгээр сарын 25-нд болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top