Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийнэ

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

Ц.Энхтүвшин , “ ТАВАН ЦАГАРИГ”

Монголын сонирхогчдын боксын шилдэг тамирчдын нэг, Дэлхийн оюутны “Универсиад-2013” наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Рио-2016” Олимпын наадамд оролцож байсан, спорт сонирхогчдын дунд “Жижиг Үүеэ” хэмээгддэг Ганхуягийн Ган-Эрдэнэ энэ сарын 20-нд Филиппиний Генерал Сантос хотноо мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийх гэж байна.

Энэ жил 26 нас хүрсэн Г.Ган-Эрдэнэ Өмнөд Солонгосын мэргэжлийн боксын промоутер Энди Кимтэй гэрээ байгуулсан бөгөөд “Heavy Hitters promotions”-д харьяалагдаж байгаа билээ.

Сонирхогчдын бокст 350 гаруй тулаан хийсэн манай Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаанаа Филиппиний Пауло Перонатай хийх бөгөөд 53,5 кг-ийн жинд зургаан раунд тулалдах юм.

“Жижиг Үүеээ”-гийн өрсөлдөгч нь энэ жил 28 настай, мэргэжлийн бокст 2013 оноос хойш 22 удаа тулаан хийсэн туршлагатай боксчин байна.

Тулаан орон нутгийн цагаар 19 цагаас эхлэх бөгөөд ESPN суваг тулааныг дамжуулах ажээ.

Дашрамд дурьдахад Ган-Эрдэнэ маань домогт боксчин Мэнни Пакьяогийн амьдардаг хотод, нутгийн тамирчинтай нь хийх нь ээ.

p.s: Гэрэл зургийг Г.Ган-Эрдэнэ -ийн зөвшөөрлөөр инстаграм хуудаснаас нь авав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top