“Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлт боллоо

2019 оны 10 сарын 18

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, “Нарантуул Олон Улсын худалдааны төв” хамтран орон даяар өрнүүлэх “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлтийн үйл ажиллагааг “Нарантуул” худалдааны төвд өнөөдөр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул, “Нарантуул Олон Улсын худалдааны төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Мишээл  нар оролцов.  

“Залууст ээлтэй үйлчилгээ” аяны гол зорилго нь эерэг хандлагад уриалах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх ёс зүйтэй найрсаг үйлчилгээгээр дамжуулан нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилготой бөгөөд энэхүү үйл ажиллагааг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар дэмжин ажиллаж байна.  Тус аяны хүрээнд Нарантуул Олон улсын худалдааны төвд зарлагдсан уралдаанд оролцож буй худалдаа эрхлэгчдийн дунд  залуучуудаа урамшуулдаг байх, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх, эерэг хандлагад уриалж, залуучууддаа хөнгөлөлт үзүүлдэг байх гурван үйлчилгээг нэвтрүүлж, чадсан хувь хүнийг шалгаруулан 1 сая төгрөгний мөнгөн урамшуулал олгох юм.

Тус үйл ажиллагааны нээлтийн үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга  Н.Мандуул хэлэхдээ “Олон Улсын хэмжээнд Залуучуудын хөгжлийн сарыг “Нийгмийг өөрчлөх боловсрол” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж, нийгмийн салбар тэр дундаа  Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллагуудаас залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотой шийдвэрлэх, сайн дурын ажлыг дэмжих, залуучуудын хөгжлийн орчныг бүрдүүлэх “10 санаачилга–10 ажил” аяныг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд залуучуудад ээлтэй үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлсэн, залуу гэр бүлийг дэмждэг төр, хувийн хэвшлийн байгууллагыг дэмжих, сурталчлах зорилготой “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Залууст ээлтэй үйлчилгээ” аяныг хэрэгжүүлэхээр зорьж, энэхүү аяны нээлтийг Танай байгууллагаас эхлүүлж байгаа нь онцлог юм. Учир нь та бүхэн, нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн харилцааны соёлыг түгээж, эерэг хандлагаар иргэдэд үйлчилж,  худалдан авагчдаа хүндэтгэх, худалдаа үйлчилгээ эрхлэгч түнш байгууллагуудад жишиг болохуйц ёс зүйтэй, үйлчилгээг нэвтрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top