“Сагсан бөмбөгийн дайн”-д Хятад бууж өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

АНУ, Хятадын худалдааны дайн өндөрлөөгүй байхад хоёр их гүрний хооронд бас нэгэн тулаан гарсан нь “сагсан бөмбөгийн байлдаан” байлаа. Өнгөрсөн долоо хоногийн турш хоёр улс цахим сүлжээгээр тулалдаж, дэлхий нийт хэн нь дийлэхийг харан сууж байсан билээ.
 


ЮУ ТОХИОЛДСОН БЭ?

Америкийн “Хьюстон Рокетс” багийн менежер Дэрил Мори твиттер хуудсандаа Хонконгийн жагсагчдыг дэмжсэн үг бичсэнээр хэрэг явдал эхэлсэн. Хэдий удалгүй бичлэгээ устгасан ч Моригийн үг хятадуудын уурыг хүргэсэн юм. Хьюстонд есөн жил тоглосон Яо Мин одоо улсынхаа сагсан бөмбөгийн холбоог тэргүүлж байгаа төдийгүй улс төрийн салбарт ч нөлөөтэй эрхэм. Яо тэр даруй хуучин багтайгаа хамтын ажиллагаагаа зогсоосон. Түүнийг дагаад Хятадын компаниуд NBA-тай хамтран ажиллахгүй гэж мэдэгдсэн юм. Алс холын орон ч тэрбум хол давсан хүн амтай том зах зээл тул Америкт Хятад хэрэгтэй. Эхлээд америкчууд Мориг шүүмжилж байлаа. Харин лигийн тэргүүн Адам Сильвер Моригийн үг хэлэх эрхийг хамгаалсны дараа үйл явдал эрчимтэй өрнөсөн. Америк одод хоёр хуваагдаж, Хятад дахь бизнес, зар сурталчилгааны гэрээгээ алдахаас айсан хэсэг нь Хятадыг дэмжиж, нөгөө хэсэг нь ардчилал ярьж эхлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч хоцорсонгүй, Хятадын талд орсон оддыг хатуу ширүүн шүүмжилсэн.

ХЯТАД УУРЛАСАН ШАЛТГААН

Хэдэн зуун жил харь улсын эзэмшилд байсан Хятад орны хувьд бие даасан байдал гэдэг тун чухал ойлголт. Их Британийн нөлөөнд 100 жил болсон Хонконгийн ард иргэд эх газрын Хятадаас огт өөр хуулиар амьдарч байлаа. Олон намын системтэй, дайн дажингүй, эрх чөлөөт эдийн засагтай хот байсан. Хятадад нэгдсэний дараа Хятадын Засгийн газраас “Нэг улс, хоёр систем” гэж зарлан тунхагласан. Өөрөөр хэлбэл, Хонконгийг онцгой бүс гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Хонконг иргэний эрх чөлөөгөө хадгалан үлдсэн.
 


ЯАГААД АНУ ХОНКОНГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА ВЭ?

Гэвч сүүлийн жилүүдэд Бээжингээс Хонконгийн удирдлагад өөртөө үнэнч хүмүүсийг тавьж, Хонконгийг бага багаар “дасгах” гэж оролдож эхэлсэн юм. 2047 он хүртэл байгуулсан гэрээ хэлэлцээр ямар ч утгагүй болоход ойрхон байв. АНУ-тай худалдааны дайн хийж байгаа Хятадад чөлөөт эдийн засагтай Хонконг хэрэггүй байсан хэрэг. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Хятадад шилжүүлэн өгөх гэрээ байгуулах болсон нь эрх чөлөөт Хонконгийн иргэдийн хувьд доромжлол байлаа. Ингээд тэд жагссан, ардчилсан улс орнууд жагсагчдыг дэмжсэн.

ҮР ДҮН

АНУ-д тоглож байсан Яо Мин хоёр орны эдийн засаг, улс төрийн системийн ялгааг хамгийн сайн ойлгох хүн. Тэр дээр дурдсан Моритой хамт НБА-гийн тоглолтыг Хятадад гаргаж, сагсан бөмбөгийн мөнгөн урсгалыг эхлүүлсэн билээ. “Сагсан бөмбөгийн дайн” гарсны дараа “Tencent” компани Америкийн лигийн тоглолтыг, CCTV телевиз “Хьюстон Рокетс” багийн тоглолтыг дамжуулахгүй гэж зарлалаа. “Tencent” компани таван жилийн 1.5 тэрбум долларын гэрээ байгуулснаа цуцлах нь америкчуудын хувьд том хохирол болох байв. Nike компани албан ёсны сайтаасаа “Рокетс” багийн бүх мэдээллийг устгаж, Хятадын зах зээлээс гарахгүйн төлөө хичээж эхэлсэн. Хятадын нийгмийн дунд давхарга сүүлийн жилүүдэд ихэд баяжиж байгаа. Дэлхийн хамгийн ирээдүйтэй, хөрөнгө оруулалтын зах зээл бол тэд. Энэ зах зээлд орохын төлөө АНУ, Европын том компаниуд ардчиллын эсрэг зүйл хийхэд ч бэлэн байгаа нь харагдаж байгаа. Германы “Мерседес”, зочид буудлын “Марриотт” сүлжээ гээд Хятадын эсрэг үгнээсээ болоод БНХАУ-аас албан ёсоор хүлцэл өчсөн компани олон байна. Тэдний хүлцлийг Хятадын Төв телевиз дамжуулан, хүч чадлаа гайхуулдаг болсон. Хятадын зах зээлээс шахагдаад NBA дөрвөн тэрбум ам.доллар алдах гэж байхад юун үг хэлэх эрх чөлөө. Лигийн удирдлага уучлал гуйх уу, эсвэл бүсээ чангалах уу?

Гэвч америкчууд хятад мөнгөний төлөө Хонконгийг муулж эхэлсэн тамирчдаа шүүмжилж, аймхай, шуналтай гэж загнаж эхэллээ. Улс төрчид нь ч ардчиллыг мөнгөөр солих гэсэн оролдлогыг тас цохилоо.

ХЯТАД БУУЖ ӨГЛӨӨ

Хятадад 300 сая хүн сагсан бөмбөгөөр хичээллэдэг гэсэн тооцоо бий. Энэ нь бараг АНУ-ын нийт хүн амтай тэнцэх тоо. Сүүлийн 6-7 жил “Бээжин 2022” өвлийн олимпын наадмын бэлтгэлд маш их хөрөнгө зарцуулж байгаа Хятадын хувьд спорт дахь нэр хүндээ олон улсын тавцанд алдах нь байж болшгүй хэрэг. Сагсан бөмбөг сонирхогч 800 сая хятад иргэнийг тоохгүй орхиж бас болохгүй.  

Ингээд дайн дуусаж, Хятадын “Tencent” компани Америкийн лигийн тоглолтыг дахин дамжуулж эхэллээ. Коммунист намын удирдлага зөв шийдвэр гаргажээ. Хонконгийн үймээн намдаагүй байхад Бээжинд дахин нэг үймээн хэрэггүй. Хэдий жирийн спортын фэнүүд ч дотооддоо үймээн самуунтай байх нь ашиггүй. Сагсан бөмбөг сонирхогчдын уур хилэн лигийн тэмцээнийг дамжуулахгүй гэсэн “Tencent” компанийн Weibo хуудсанд хандаж, бүх мэдээлэлд нь халдаж эхэлсэн. Коммунист намын удирдлага бүтэн долоо хоногийн турш НБА-гийн фэнүүдийг захирах гэж оролдоод чадсангүй.

Эмх замбараагүй байдал гараад байвал 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхээ алдаж ч болно. Тамирчдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй бол алдартай тамирчид очихгүй. АНУ, Канад улсууд хоккей, цана, уран гулгалтын тамирчдаа илгээхгүй бол ямар юмных нь хүн төрөлхтний цэнгэлийн манлай Өвлийн олимп байх билээ?

Ийнхүү “сагсан бөмбөгийн дайн” өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөөе(202.55.188.88) 2019 оны 10 сарын 24

Дэлхий нэг соёлтой болсон...дайн хийхгүй харин мөнгөний 2 талд л гарч тоглоно

0  |  0
USA(202.9.43.214) 2019 оны 10 сарын 25

Энэ дайн амар зогсохгүй. Дэлхий нээлттэй болчихсон байхад коммунист үзэл хол явахгүй. Үзэл суртлын дайнд Хятад дийлэхгүй. Харин эдийн засгаар үзэж болох юм

1  |  1
Сонирхогч(202.131.236.138) 2019 оны 10 сарын 23

Дайн гэх нь хаашаа юм. Үүгээр дуусахгүй. Хятад олон улсын тавцанд амбицаа харуулах, АНУ хариуд нь дэлхийн цагдаа хэвээр байгаагаа харуулах тоглолт хийлээ. Талууд өрсөлдөгчийнхөө хүчийг тандсан тулаан гэмээр юм уу? Хятадын дотоодод залуу үе буюу Z generation хүчтэй гарч ирж, шийдвэр гаргахад нөлөөтэй болсныг батлан харуулсан үйл явдал боллоо. ХКН сургамж авсан байх. Спорт улс төрөөс хол байх болтугай.

8  |  0
Code. Mn(66.181.165.205) 2019 оны 10 сарын 18

Sport huchtei yumaa.

0  |  0
Top