Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн сонирхолтой тулааны нэг болох “Эль Класико” энэ сарын 26-нд Барселонад болох ёстой байсан билээ. Гэвч улс төрийн шалтгаанаар 12 дугаар сарын 18 болж хойшлогдсон байна.
Аравдугаар сарын 14-нд Испанийн Дээд шүүхээс Каталоны тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний удирдагч есөн хүнд хорих ял оноосон нь каталончуудыг гудамжинд гарч, тэмцэхэд хүргэсэн юм. Каталоны Засгийн газрын дэд тэргүүн байсан Ориоль Жункераст 13 жилийн ял оноож, үлдсэн найман хүн 9-11 жил хоригдох болсон нь тун хатуу шийтгэл байлаа.
Эрх чөлөөнд дуртай Каталоны ард түмэн үүнийг тэсэхгүй нь ойлгомжтой. 2017 онд болсон Каталоны тусгаар тогтнолын талаарх бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 90 хувь нь тусгаар улс болохыг дэмжсэн ч Испанийн Засгийн газар санал асуулгыг хууль бус гэж тооцсон.
Жагсагчид нисэх буудлын хөдөлгөөнийг зогсоож, гудамжинд бэхлэлт барин, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна.
Ийм нөхцөлд каталончуудын заналт дайсан “Реал” Мадрид Барселонад ирвэл хөлбөмбөгийн тоглолт биш болох нь гарцаагүй. Ингээд Испанийн хөлбөмбөгийн холбооноос 10 дугаар тойргийн хамгийн гол тоглолтоо 12 дугаар сар хүртэл хойшлуулжээ.
“Барселона” баг албан ёсоор жагсагчдыг дэмжиж байгаагаа зарлаж, улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардсан. Хамгаалагч Пике, довтлогч Усман Дембеле нар жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлж, бэлтгэлдээ гарсангүй. “Барса”-гийн домог Шави болж байгаа үйл явдлыг шившиг хэмээн нэрлэж, инстаграм хуудсандаа каталон, испани, англи хэлээр эсэргүүцлийн үг бичсэн байлаа.
“Манчестер Сити” багийн дасгалжуулагч Хосеп Гвардиола “Хүчирхийллээ зогсоохгүй бол Каталоны эрх чөлөөний төлөө хөдөлгөөн хэзээ ч намжихгүй. Испани улс бидэнтэй хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Каталоны удирдагчдыг хорих ялаар шийтгэсэн нь хүний эрхийг зөрчсөн хэрэг гэдэгт дэлхийн олон нийт анхаарлаа хандуулаасай. Бид XXI зуунд амьдарч байгаа” гэж уриалжээ.
“Барселона”-U12 хүүхдийн баг “Danone Nations Cup” тэмцээнд Испанийг төлөөлөхөөс татгалзаж, байдал улам хурцадсаар.
Сэтгэгдэл ( 0 )