Улстөрчид УНАДАГ УНАА, УУДАГ ВИСКИНДЭЭ Л өндөр татвар ногдуулах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

Татвар төлөгчдийн халааснаас бүрддэг төсвийн өндөр цалин, хангамжтай албан тушаалыг   30-аад жил хашсан улстөрчид баян хоосны зааг тэнгэр газар мэт болсныг саяхнаас анзаарч, Улаанбаатарын хөгжлийн дүр зургаар жишээлэх болж. Үнэхээр л Зайсангийн тансаг сууц, Дэнжийн мянгын гэр хороолол хоёрыг жиших юм биш дээ. Гэхдээ энэ бол хүнлэг энэрэнгүй, ардчилсан Монгол Улсын сүүлийн 30 орчим жилийн хөгжлийн үнэн дүр төрх. Тав хүрэхгүй км дотор баян хоосны ялгаа ямар байгаагийн илрэл гэдэг утгаараа өөрсдийнх нь өнгөрсөн хугацааны ажлын үр дүн баймаар юм. Ичих булчирхай гэж байдаг бол 30-аад жил сайд дарга хийсэн хүний хувьд улс төрөөс нэг мөсөн зодог тайлчих үзүүлэлт. Уг нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засаг ингэж өссөн, тэгж тэлсэн тухай яриаг голлон гаргасан. Үнэн хэрэгтээ тэр өсөлт хэний халаасанд ороод байгааг Монголын Улсын дөрвөн иргэн тутмын нэг нь ядуу ангилалд  амьдарсан хэвээр буйгаас харж болно. Тэгэхээр эдийн засгийн өсөлт өрх бүрийн хаалгаар ороогүй гэсэн үг.

Эдийн засгийн өсөлт өндөр гарахын хэрээр баян хоосны зааг тэлдэг хууль Монголд үйлчилдэг. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр баян хоосны заагийг илтгэдэг жини коэффициент 2016 оноос хойш буурч байсан бол өнгөрсөн хагас жилд эргээд өсөх хандлагатай болжээ. Хагас жилийн дүнгээр 0.33 болж өссөн байна. Энгийнээр хэлбэл, эдийн засаг тогтворжсон хоёр жилийн хугацаанд бага ч болов ойртсон баян хоосны зааг өсөлтийн үед улам бүр холдож эхэлсэн гэсэн үг. Ерөнхийдөө энэ үзүүлэлт анх тооцож эхэлсэн цагаасаа хойш 0.3 нэгжээс доош орж байгаагүй. Манайд хэрэглэж буй аргачлалаар 0-1 хүртэл тоогоор илэрхийлдэг уг коэффициент тэг рүү дөхөх тусмаа хүн амд нийгмийн баялаг, улсын орлого жигд хуваарилагдан хүрч буйг заадаг. Харин нэг рүү ойртох тусмаа баян, хоосны зааг тэлж буйг илэрхийлдэг. Тиймээс байгалийн баялгаар дэлхийд толгой цохидог Африкийн голдуу улсууд энэ үзүүлэлтээр муу дүн авдаг бол иргэддээ орлогоо жигд хуваарилдаг Скандинавын орнууд бусдадаа үлгэрлэж байх жишээтэй. Монгол Улс муутай нь дөхдөг. Монголын хамгийн ядуу хүн амын хэрэглээ улсын хэмжээнд авч үзэхэд, 7.4 хувийг эзэлж байгаа бол хамгийн чинээлэг иргэдийнх 40.5 хувийг бүрдүүлж байна. Хэрэглээ талаасаа хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны  дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.5 дахин их байгааг харуулж буй харьцангуй үзүүлэлт. Энэ нь өнгөрсөн хагас жилийн дүн үзүүлэлт болохоос биш ерөнхийдөө сүүлийн 30 орчим жил  орлогын ялгаа, тэгш бус байдлыг илэрхийлдэг өөр нэг үзүүлэлт болох тейлийн индекс ийм дүр зурагтай явж иржээ. Энэ байдал нь өөрөө “Олигархи 30 гэр бүл”, “МАНАН” зэрэг хэллэгийг улстөрчдийн дундаас олон нийтийн дунд гаргахад хүргэсэн. Яагаад гэвэл, арилжааны  банкин дахь нийт хадгаламжийн 99 хувь нь хүн амын таван хувийн мэдэлд байдаг гэх үнэнд ойртсон учраас.  

Дэлхий нийт эдийн засгийн тоон өсөлтөөс илүү тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг эрэлхийлэх болоод удаж байна. Хөгжингүй орнуудын шүдний өвчин болоод буй баян хоосны заагийг хэрхэн арилгах талаар онолын мэтгэлцээнүүд олон улсын хурал цуглаан дээр голдуу өрнөдөг. Гэвч дэлхийн хүчирхэг гүрнүүд ч энэ асуудлаа шийдвэрлэж чадаагүй буйгаас болоод улс төрийн байгуулалдаа эргэлзэх болсон хэрэг. Манайхныхаар бол “Эдийн засгийн өсөлт өрх бүрийн хаалгаар орох ёстой” гэж ойлгогдох ёстой.

Өнгөрсөн хугацаанд Монголынхоо онцлогт тохируулан байгалийн баялгийнхаа ашгийг хэрхэн иргэн бүртээ хүргэж чадах вэ гэдгийг улстөрчид өөрт ашигтайгаар тайлбарлаж ирсэн болохоос яг хөгжлийн эдийн засагчид нь тодорхойлсонгүй. Харин олон улсын судалгааны байгууллагуудын зүгээс бол одоогоор шалгарсан хамгийн зөв гарц нь татварын зохицуулалтаар дамжуулан төсвийн бодлогоо доод давхаргадаа чиглүүлэх явдал гэж зөвлөж эхэлсэн. Тухайлбал, тансаг хэрэглээний татвар. Дэлхийн олон орон тансаг хэрэглээнд татвар ногдуулах замаар эдийн засгийн нөөцөө зузаатган, түүгээрээ нийгмийн доод давхаргаа дэмждэг тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн байдаг аж. Гэхдээ бэлэн мөнгө тарааж бус, эрүүл мэнд боловсролын салбараа хөгжүүлэх замаар нийгмийн үйлчилгээг тэгш хүртээх болжээ. Иргэд нь эрүүл, боловсролтой болохын хэрээр эдийн засгийн өсөлт нь тэгш хуваарилагддаг юм байна л даа.

 

Сүүлийн хэдэн жил эдийн засгийн өсөлтөөрөө гайхагдах болсон Индонез улсын нууц нь татварын шинэ бодлого. Тус улсын эрх баригчид тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнд өндөр татвар тогтоох хууль хэрэгжүүлж эхэлсэн. Тансаг хэрэглээнд өндөр татвар ногдуулах болсноор иргэдээсээ 10-75 хувийн шатлалтай татвар авдаг болсон. Тэр дундаа импортын өндөр үнэтэй электрон бараа, гар утас, компьютер худалдан авч байгаа бол 10, тансаг зэрэглэлийн орон сууц, үнэртэй усанд 20, далбаат онгоц, автомашин, үнэт эрдэнийн чулуу, зүүлт худалдан авбал 75 хувийн татвар ногдуулдаг шатлалт тогтолцоо нэвтрүүлсэн байна. Өндөр үнэтэй импортын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхэлснээр гадаад худалдааны алдагдал нь буурч, татварын орлого нэмэгдэж, хэрэглээний барааны импорт эрс багасч, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний борлуулалт нь ч өссөн эерэг үр дүн үзүүлсэн. Ийнхүү улсынхаа орлогыг өсгөсөн учраас нийгмийн доод давхаргадаа зарцуулах төсвийн хэмжээ нь төдий чинээ тэлсэн гэж үздэг. Үүнээс гадна олон орон тансаг хэрэглээний татвартай болоод байна. Манай хоёр хөрш ч татварын энэ системийг гурав, дөрвөн жилийн өмнөөс  хэрэгжүүлж эхэлсэн.

ОХУ-д гэхэд тансаг зэрэглэлийн буюу 3-5 сая рублийн үнэтэй автомашин худалдан авбал 1.5, 5-10 сая хүртэл рублийн автомашинд хоёр, 10-15 сая рублийн үнэтэй автомашинд гурав дахин илүү татвар ногдуулдаг. Харин энэтхэгчүүд тусгай хамгаалалттай болон тансаг зэрэглэлийн бүсэд 1000-аас дээш ам.метр талбай бүхий орон сууц болон хувийн орон сууцанд  амьдарч байгаа бол тансаг хэрэглээ гэж үзэн татвар ногдуулдаг байна. Саяхнаас 1000 ам.метр бол нэг сая, үүнээс дээш бол 1.5 сая рупигийн татвар тогтоохоор болжээ. Мөн Тайланд тансаг зэрэглэлийн импортын бараа, брэндийн гутал, гоо сайхны бараа, сүрчиг, цүнхнээс 30 хувийн татвар авдаг байна. АНУ, Герман, Франц зэрэг өндөр хөгжсөн оронд тансаг хэрэглээний татварын хуулийг бүр илүү нарийвчлалтай боловсруулж, ашиг хүртэж байгааг шинжээчид онцолдог.

Монгол Улсын хувьд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тансаг хэрэглээний татварыг нэвтрүүлэх гэж оролдсон удаатай. Гэвч УИХ дээр олон төрлийн лобби орсноор бүх иргэндээ татварын ачаалал үрүүлсэн. Жишээлэхэд, 2017 онд Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох асуудал яригдахад,  жилийн орлого нь 30 сая төгрөгөөр босго тогтоон 10, 25 хувь болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгаад байсан юм. Харин УИХ дээр хэлэлцэх явцдаа ажил эрхэлдэг бүх хүний татварыг нэмэхээр болсон. Одоо цалингийн хэмжээнээс хамаарч, 10, 15, 20 хувийн буюу шатлалтай татвар төлж байна.  Мөн 150 ам.метрээс дээш талбай бүхий орон сууцанд өндөр татвар ногдуулахаар байв. Мөн л УИХ-ын гишүүд дэмжээгүй. Ингэж Монгол Улс тансаг хэрэглээний татвараас татгалзсан бөгөөд архи тамхины татварыг нэмэгдүүлсэн ч импортынхтой тэнцүүлээд байгаа. Учир нь татварын шатлал тансаг хэрэглээтэй улстөрчдийг, тэднийг тойрон хүрээлэгчдийг онилдог болохоор тэр. ОУВС-гийн шахалтаар татварын шаталсан бодлого хэрэгжиж эхэлсэн гэж байгаа ч яг тансаг хэрэглээний татвар төлөх чадвартай хэсэгтээ бус дундаж болон дунджаас доод давхарга гол ачааг үүрэх болсныг одоо эргэж харах цаг нь болсон гэдгийг үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд илэрхийлж эхлээд байна. Төрөөс өрхийн орлого, иргэдийн амьжиргаанд гол нөлөөлөл  үзүүлдэг Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ манай улсын хувьд бусад улсуудтай харьцуулахад бага байгаа гэдэг шалтгаанаар 2020 оныг хүртэл шат дараалан өсгөж байгаа. Монгол Улс ирэх оны төсвийн орлогыг 12.9 их наяд төгрөг гэж тооцоолсны таван их наядыг нь Нийгмийн даатгал, НӨАТ зэрэг иргэдийн нуруунд дээр ирдэг дарамтаар бүрдүүлэх төсөв хэлэлцэгдэж эхэлсэн. Үүнээс үзэхэд ирэх онд иргэдийн нуруун дээр ирэх ачаа улам хүндэрнэ гэж ойлгогдож байгаа. Харин үүний оронд тансаг хэрэглээнд ногдуулах татвараа нэмэх гарц, шийдэх эрх нь УИХ-ын гишүүдэд бий. Ялангуяа хэтийдсэн үнэтэй импортын коньяк, виски, автомашин, гутал цүнх, тусгай хамгаалалттай газар байрладаг олон давхар сууцнуудаас зохих ёсны татварыг нь авах боломжийг ашиглаж болох юм. Энэ мэтээр татварын шатлал тэгш бус байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх хангалттай байна. Гэхдээ  татвараас олсон орлогоо хэрхэн зарцуулж буйгаас шалтгаалан ядуурал, тэгш бус байдал буурах боломжтой.

Өчигдөр буюу аравдугаар сарын 17-нд ядуурлыг эцэслэх олон улсын өдөр тохиолоо. Монгол Улсын хувьд эдийн засаг өссөн гэдэг бутархай тоо мэдээлэл байгаа болохоос яг хэдэн хүнийг ядруулын ангалаас татан гаргасан талаар амжилтын том мэдээ дутуу дулимаг сууж байна. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороотой хамтарсан хийдэг судалгаагаар 2016-2018 онд ядуурал ердөө 1.2 хувиар буурсан дүн гарсан. Эдийн засгийн өсөлт өөдрөг байгаа ч ядуурал дорвитой буураагүй гэсэн үг. Тиймээс ядууралд өртөх магадлалтай, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих нийгмийн халамжийн бодлогодоо илүү анхаарах шаардлагатай аж. Монголчуудын хамгийн ядуу 25 хувиас гадна дахиад 25 хувь нь ядууралд өртөх магадлал өндөр амьжиргаатай.  Эдийн засагт ямар нэгэн сөрөг үзэгдэл гаргахад тухайн иргэд ядууралд өртөх эрсдэл улам л нэмэгдэх эрсдэл бий гэдгийг олон улсын байгууллагууд анхааруулсан. Харин ядуурлаас ангижруулах, одоогийн амьжиргааг хамгаалах гарц нь баялгийн тэгш хуваарилалт. Тэгш хуваарилалтыг хамгийн төгс хийдэг арга зам нь одоогоор татварын шаталсан бодлого л байна.

Эх сурвалж: Өглөөний сонин /146.3017 Баасан гараг/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top