“Мартиньи-1989” насанд хүрэгчдийн дэлхийн аварга, “Улаанбаатар-1989” залуучуудын дэлхийн аварга, Европын болон Азийн аварга, ЗХУ-ын спортын гавьяат мастер, Буриадын алдарт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (2000-2002 он) олон улсын уламжлалт тэмцээн энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд боллоо. XXVII удаагийн тэмцээн түүний дэлхийн аварга болсны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдав.
Тэмцээнд Монгол, Казахстан, БНХАУ, ОХУ-ын Буриад, Якут, Кемеров, Тува, Эрхүү, Ангарск, Хабаровск, Хакас, Новосибирск, Өвөр Байгалийн хязгаар, Красноярск хязгаарын нийт 200 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Улаан-Үдийн дэвжээнд манай улсаас “Хасу-Мегастарс”, “Хангай хүчтэн”, “Тулгат” клуб, “Аварга”, “Ирээдүйн одод”, Спортын төв сургуулийн 30 гаруй тамирчин хүч үзсэнээс гурван алт, гурван мөнгө, гурван хүрэл, нийт есөн медаль хүртлээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Тодруулбал, 61 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Эрдэнэбатын Төгсжаргал, 65 кг-д “Хас-Мегастарс” клубийн тамирчин Дарханбаярын Тэнгис, 74 кг-д МУБИС-ийн тамирчин Мэндбилэгийн Тэмүүжин алт, 65 кг-д Сонгинохайрхан дүүрэг, “Тулгат” клубийн тамирчин Орхоны Мөнх-Эрдэнэ, 70 кг-д Сонгинохайрхан дүүрэг, “Тулгат” клубийн тамирчин Баярмөнхийн Мөнхдаваа, 97 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Бээжингийн Энх-Оргил мөнгө, 61 кг-д "Хангай хүчтэн" клубийн тамирчин Шинэбаярын Дэлэг, 70 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Алтанзулын Дөлгөөн, 86 кг-д "Хангарьд" спорт хорооны тамрчин Амарсанаагийн Мягмарсүрэн нар хүрэл медалийн эзэн боллоо. Манай улсаас олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч ОУХМ Г.Амархүү, гуравдугаар зэргийн шүүгч Б.Энхжин, улсын шүүгч Э.Батнасан нар Улаан-Үдийн тэмцээнийг дэнсэлсэн байна. .
Сэтгэгдэл ( 0 )