А.Тамир
Английн Премьер лигийн “Ливерпүүл” багийн хөгжөөн дэмжигчид Монголд олон бий. Өчигдөр /2019.10.20/ болсон Премьер лигийн есдүгээр тойргийн тоглолтод “Манчестер Юнайтед” багийн талбайд зочилж, 11-:1 тэнцсэн “Ливерпүүл” хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна. Ингээд “Ливерпүүл” багийн уналт, сэргэлтийн тухай танилцуулж байна.
2010 оны 10-р сар: Ливерпүүл Энфилдэд ичгэвтэйгээр Блэкпүүлд 1:2 харьцаатай хожигдож, хүснэгтийн хасагдах хэсэгт бичигдэн, сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд дахь улирлын хамгийн муу эхлэлээ хийлээ. Лигийн цомд бүр ч муу үзүүлэлтийг гаргав. Дөрөвдүгээр лигийн Нортхэмптон багтай 2:2 тэнцэж, улмаар торгуулийн цохилтоор 2:4 харьцаагаар хожигдол хүлээлээ. Бид бүхний хувьд энэ бол хар дарсан зүүд шиг л байлаа. Харамсалтай нь энэ нь тэр хар дарсан зүүдний дөнгөж эхлэл нь байсан юм.
2007 оны 2-р сард Ливерпүүл клубийг 220.0 сая фунт стерлингээр худалдаж авсан багийн эзэд болох Том Хикс болон Жорж Жиллетт нар клубийн удирдлагыг хангаж чадахгүй байснаас гадна баг асар их өрөнд орж эхэлж байлаа. Royal Bank of Scotland гэхэд 2010 оны 1-р сард клубээс 280.0 сая фунт стерлингийн төлбөр нэхэмжилсэн бөгөөд багийн хүнд байдлыг ойлгож хүлээн авснаар зээлийнхээ төлбөрийг төлөх хугацааг 3 сар хүртэл сунгаад дараа нь дахин “өрөвдөөд” хугацааг нь дахин 7 сараар сунгаж байсан түүхтэй. Харамсалтай нь тэр оны 10-р сард нөхцөл байдал ер өөрчлөгдсөнгүй, багийн эзэд өр зээлээ төлөх чадваргүйгээс болж клуб маань дампуурлын ирмэгт ирлээ. Хэрэв дахиад жаахан хугацаа өнгөрвөл Энфилдэд гаднын удирдлага оруулахад бэлэн болсон байлаа.
Яг энэ үед багийн эзэд Хикс болон Жиллетт нар ямар ч эрх мэдэлгүй болж, клубийн бүх эрх мэдлийг одоогийн Fenway Sports Group-т яаралтайгаар шилжүүлсэн байдаг. Клубийн шинэ эзэд болох Жон Хенри болон түүний хамтрагчид клубийн бүх өрийг дарахад зориулж 300.0 сая доллар зарцуулжээ. Хуучин эзэд нь клубээ өөр компанид шилжүүлснийхээ төлөө нэг цент ч халаасалж чадалгүй өнгөрчээ. Хикс дараа нь ч гэсэн олон жилийн турш сардаа 125.0 мянган фунт стерлингийн Ливерпүүл клубтэй холбоотой өр төлбөрийг төлсөөр байжээ.
2019 оны 5-р сар: Ливерпүүл клуб дампуурлын ирмэгт орох нь битгий хэл, түүхэндээ анх удаа нэг улиралд 100.0-аас дээш сая фунт стерлингийн ашиг хийж, түүхэндээ Премьер лигийн улиралд хамгийн өндөр оноо авч 2-р байранд шалгарч, Аваргуудын лигийн цомыг хүртсэн баг болж хувирлаа.
Ливерпүүл клубийг хэн гэгч эрхэм нь аварч, ингэж огцом тэнгэр өөд “нисэхэд” хүргэсэн бэ?
Ливерпүүл клубийн нэгэн хөгжөөн дэмжигчийн захидал бүхнийг өөрчилж, багийг 66 хоногийн дотор худалдан авсан байна.
Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчид наймдугаар сарын 9-ний өдрийг тэр болгон мэдэхгүй буюу мартсан байх. Энэ өдөр бол санамсаргүй авралын Мерсисайдын баярын өдөр гэж хэлж болохоор өдөр юм.
Яг энэ өдөр Ливерпүүл клубийн хөгжөөн дэмжигч, “Бостон Ред Сокс” бейсболын клубийн борлуулалтын албаны дарга Жо Янушевски гэдэг нөхөр өөрийн клубийн эзэн болох Жон Хенри руу имэйл бичжээ. Ливерпүүл клубт болж байгаа үйл явдалд сэтгэл нь зовнисон тэрээр Хенриг Ливерпүүл клубийг анхааралдаа авч, боломж байгаа дээр нь тус клубийн хувьцааг худалдаж авахыг санал болгожээ. Тэр үед Хенри Европ хөлбөмбөгийн талаар ямар ч ойлголтгүй байсан бөгөөд тоглогчдын шилжилт хөдөлгөөний тогтолцоог нь илүү гайхдаг байсан байна. Учир нь өөр баг руу шилжихэд тоглогчийн хүсэл сонирхлыг харгалздаг байсан нь түүний гайхширлыг төрүүлдэг байж. Тийм болохоор Жо захиагаа бичихдээ зөвхөн "Манай багийг аврахад тусална уу” гэж бичихэд хангалтгүй гэдгийг сайн мэдэж байсан байна. Тийм учир мань хүн захиандаа Ливерпүүл клуб ямар агуу клуб болох талаар дэлгэрэнгүй бичээд 1990 оноос хойш аваргын титмийг хүртээгүй ба одоо дампуурлын ирмэгт тулаад байгаа талаар нэлээн дэлгэрэнгүй бичжээ.
“Би түүнд энэ алтан боломжийг ашиглах хэрэгтэй, миний чемодан үргэлж бэлэн байгаа, хамтдаа Ливерпүүл нисэхэд хэзээд бэлэн” гэж бичжээ. “Би өөрийгөө хэн нэгнийг ингэж ятгаж чадна гэж хэзээ ч бодож байгаагүй, энэ бол биелэгдэшгүй мөрөөдөл мэт санагддаг байлаа. Би захиандаа өөрийгөө хэрхэн шаналж байгаагаа л илэрхийлсэн юм” гэж Жо хожим нь дурссан байдаг.
Жо-гийн тэр шаналал нь Хенриг итгүүлж чадсан бөгөөд мань хүн тэр дор нь өөрийн менежерүүдээ дуудаж цуглуулсан байна. Үүнээс хойш 66 хоногийн дараа 300.0 сая долларын чекэнд гарын үсэг зурагдсан байжээ.
“Энэ мөчийг юу гэж нэрлэхээ би мэдэхгүй байна, гайхалтай, галзуу. Наймаа хийгдсэний дараа өдөр нь л би Жонтой хамт Мелвүүдэд очоод өөд өөдөөсөө хараад “Энэ үнэхээр болсон явдал уу” гэж бодсон гэж Янушевски хожим нь дурсжээ. Жо одоо бейсболын “Техас Рейнжерс” клубын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.
Английн Премьер лигт маниболл байгуулахыг оролдсон нь:
Жон Хенри өмнө нь Европ хөлбөмбөгтэй харьцаж үзээгүй байсан ч түүний өмнөх түүх яг Ливерпүүлд зориулсан юм шиг байдаг гэнэ.
2002 онд түүний эзэмшиж буй компани New England Sport Ventures (хожим нь Fenway Sports Group нэртэй болсон) нь бейсболын клуб болох “Бостон Ред Сокс” клубийг худалдаж авчээ. Тэр үед тус клуб нь өөрийн 84 жилийн түүхэндээ ганц ч удаа түрүүлж байгаагүй байсан бөгөөд худалдаж авснаас хойш 2 жилийн дараа MLB-д түрүүлсэн байна. Тэрнээс хойш дахин 3 удаа аваргын титэм авжээ.
“Ливерпүүл болон Ред Сокс клубуудын хувьд эхний шатанд маш олон ижил зүйлүүд байсан. Хөгжөөн дэмжигчдийн хувьд маш олон тооны, хүчтэй түүхэн уламжлалтай” гэж Жон хэлж байжээ. Түүний бодож байгаагаар Английн хөлбөмбөгт Америкийн спортын зах зээлийн арга барил дутагдаад байгаа юм шиг санагддаг байлаа. Энэ нь яг “Moneyball” гэдэг нэртэй кинонд гардаг шиг үйл явдал өрнөж байжээ.
Анх Бостон Ред Соксыг худалдаж авсны дараа тэр кинонд тоглосон жинхэнэ мэргэжлийн менежер болох Билл Бин гэж нөхрийг урьжээ. Билл бол тоон дээр суурилсан судалгаа хийж шийдвэрээ гаргадаг нөхөр байсан гэнэ. Гэхдээ мань хүн Бостонд удаан тогтоогүй боловч хожим нь Европ хөлбөмбөгт түүний арга барилыг ашиглажээ.
Билл тухайн үедээ Европ хөлбөмбөг их үздэг сонирхдог нэгэн байсан бөгөөд Хенриг Ливерпүүл клубыг худалдаж авсныг сонссоны дараа түүн рүү утасдаад өөрийн менежерээрээ Дамьен Комолли гэж хүнийг авахыг санал болгожээ.
Харамсалтай нь Комоллигийн Ливерпүүл клубыг босгоход хийсэн наймаанууд нь байгаа оноогүй бөгөөд наймааны үеэр 100 сая фунт стерлинг зарцуулсан ч амжилтад хүрээгүй байна. Тэр улиралд Ливерпүүл 59-хөн гоол хийсэн үзүүлэлттэй дуусгажээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд илүү хурц тоглодог тоглогчдыг авахаар болж шууд гурван тийм тоглогчдыг авсан боловч амжилт олоогүй юм. Ингэснээр 2012 оны хавар Комоллиг халжээ.
Статистикийн үзүүлэлтэд хандах шинэ хандлага. Яагаад Клоппыг урьсан бэ?
Жон Хенри зүгээр нэг статистикт дуртай нөхөр биш байсан юм.
Жон оюутан байхдаа философийн факультетэд суралцаж байсан боловч өөрийн рок хамтлагдаа анхаараад хичээлээ хаядаг байсан байна. Тэр үед түүний эцэг нь нас барж, гэр бүлийн бүх хариуцлага түүн дээр буужээ. Гэр бүл нь тухайн үед эрдэнийн шиш ургуулдаг, соевын тос үйлдвэрлэдэг жижиг аж ахуй эрхэлдэг байж. Энэ аж ахуйн ажил нь мань хүний сонирхлыг онц татдаггүй байсан бөгөөд санхүүгийн салбар түүний сонирхлыг маш ихээр татдаг байлаа. Тэрээр эрдэнийн шиш, соевын тосын фьючерсын зах зээлд амжилт олж эхэлжээ. Ингэснээр 1981 онд өөрийн консалтинг компанийг нээж, хөдөө аж ахуйн биржийн үнийн чиг хандлага зэргийн талаар зөвлөгөө өгдөг байж байгаад сүүлдээ эдийг засгийн бүх салбарт зөвлөгөө өгдөг болжээ.
Яг энэ тоон дээр ажилладаг чадвар нь түүнийг Ливерпүүл клубт ажиллахад их тус болжээ. Комоллиг халсны дараа Иэн Грэм гэж хүнийг авчээ. Сонирхолтой нь тэрээр 2008-2012 онуудад Тоттенхэм клубт ажиллаж байсан бөгөөд түүний бас статистик тоон судалгааг тус клубт ер авч хэлэлцдэггүй байж. Тийм учир мань хүн гомдсондоо Ливерпүүл клубт ирэхийг зөвшөөрсөн бөгөөд энд статистик тоог маш их хэрэглэдэг нь түүний сонирхлыг ихээр татжээ.
Грэм уг нь Кембрижийн их сургуулийн физикийн анги төгссөн боловч энэ чиглэлээрээ ажиллах сонирхолгүй байсан бөгөөд хөлбөмбөгийн судалгаанд хамаг цагаа зарцуулдаг байжээ. Тэрээр өөрийн мэдээллийн баазыг бий болгосон бөгөөд дэлхий даяарх 100,000 гаруй тоглогчдын мэдээллийг нэгтгэж чадсан юм. Тэрээр дасгалжуулагчдад болон наймааны хорооныхонд ямар тоглогч авбал зүгээр байх талаар маш үнэтэй зөвлөгөө өгдөг болжээ. Жишээ нь 2016 онд Наби Кейтаг авахыг маш ихээр шаардаж байсан гэнэ. Кейта Зальцбург клубт тоглож байхдаа урагш нь маш олон оновчтой дамжуулалт өгсөн статистикийн тоог үндэслэсэн байна. Мөн түүнчлэн зөвхөн Грэм л Мо Салахт итгэж болно гэдгийг анх хэлж байжээ. Учир нь түүний Челсид өнгөрөөсөн улирлын дараа түүнийг Английн хөлбөмбөгт тохирохгүй гэж ихэнх нь үздэг байж.
Мөн зөвхөн Грэм-ын саналаар тухайн үед Коутиньог авсан байдаг юм. Тухайн үедээ Коуг авахад 13 сая евро зарцуулсан бол дараа нь Барселонад 145 саяар зарсан түүхийг хүн бүр мэдэж байгаа байх. Энэ мөнгөөр нь манайх ВВД болон Алиссон нарыг авсан нь клубийн хувьд хамгийн оновчтой наймаа болсон байдаг.
Түүнчлэн тоглогчдыг зарахад Ливерпүүл клуб ихээхэн амжилт олсныг бас мартаж болохгүй. 2014-2018 онуудад тоглогчдыг зарсан санхүүгийн үзүүлэлтээр Ливерпүүл клуб 2-т бичигдэж байна.
1. Челси – 272 сая
2. Ливерпүүл – 260.5 сая
3. Арсенал – 158 сая
4. Манчестер Сити – 108 сая
5. Тоттенхэм – 88 сая
Хамгийн гол нь Грэм-ын статистикийн судалгааны ачаар манайд Юрген Клопп ирсэн гэж хэлж болох юм. Энэ тухай манай Герман босс маань өөрөө ч хэлсэн байдаг.
Түүний Борусси Дортмунд клуб дэх сүүлчийн улиралд (2014-2015) манай хүний удирдсан баг сайн амжилт гаргаж чадаагүй бөгөөд Бундеслигтээ 7-р байранд орсон байдаг юм. Грэм тэр үед өөрийн судалгаагаа гаргаад энэ бол алдаа шүү, тэр улиралд Дортмундын баг хамгийн азгүй баг байсан гэдгийг нотолжээ. Тухайн улирлын туршид бий болгосон боломжууд, тоглолтын чанарыг харах юм бол Борусси клуб хамгийн муудаа л 2-р байранд орох ёстой байсан гэдгийг нотолжээ. Клопптой хийсэн анхны уулзалтын үеэр Грэм Дортмундын Майнцтай хийсэн тоглолтын талаар дурджээ. Тэр тоглолтонд Дортмунд бүтэн 90 минутын турш зүгээр л талбайн нэг талд л тоглож байсан боловч хамгийн азгүйгээр хожигдсоныг хэлэхэд Клопп “Тиймээ бид тэднийхийг хядаж байсан боловч гоол хийж чадаагүй, чи тэр тоглолтыг харсан юм уу” гээд хашхарч байсан гэдэг.
Гэхдээ яг үнэндээ Грэм тэр тоглолтыг үзээгүй байсан бөгөөд мань хүн зөвхөн өөрийн математикийн судалгаагаараа л ямар тоглолт болсон талаар дэлгэрэнгүй ойлголттой болсон байдаг байна.
Энэ уулзалтын дараа Клопп математик-судлаачид ихээр итгэдэг болсон байна. Өмнө нь Боруссид байхад энэ тал дээр нэг их анхаардаггүй байсан гэнэ.
“Одоо бол Клопп клубтэй холбоотой бүхий л асуудалд анхаарлаа хандуулдаг болсон бөгөөд багийн жинхэнэ лидер болж чадсан” гэж Жон Хенри бахархалтайгаар хэлсэн байна.
Одоо Клопп судлаачдын бүхэл бүтэн багтай ажилладаг болсон бөгөөд Грэм-ээс гадна астрофизикч Тим Васкетт, шатарчин Дэфилд Стил, өндөр эрчим хүчний физикч Вилл Спирмэн (Европын цөмийн эрчим хүчний судалгааны төвд ажиллаж байсан) зэрэг хүмүүстэй ажилладаг байна.
Одоо Ливерпүүлд хир их мөнгө байгаа вэ?
Сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 204 сая фунт стерлингийн ашиг олсон байна. Харьцуулахад 2009-2013 онуудад нийт 176 сая фунт стерлингийн алдагдал хүлээж байсан гэж бодохоор нийт 380 сая-ын ашиг хийсэн юм шиг.
Сүүлийн жилүүдэд телевизээс олох орлого нэмэгдэхээс гадна бусад ивээн тэтгэгчдийн төлбөр нэмэгдсэн байна. Standard Chartered жилд 30 сая-г өгдөг байсан бол одоо 40 саяыг өгдөг болсон, New Balance 45 саяыг өгдөг байснаа одоо 75 саяыг өгдөг болсон байна.
Энфилдын стадионы багтаамжийг 8500 суудлаар өргөтгөж, үүний ачаар жилдээ тасалбарын борлуулалтаас 81 саяын орлого олдог болсон. Өмнө нь 2011 онд тасалбарын орлого ердөө 41 сая байсан байна.
2010 онд Ливерпүүл баг ингэж өөрчлөгдөнө гэж итгэж байсан хүн маш цөөхөн байсан байх...
Сэтгэгдэл ( 2 )
Y.N.W.A
Баярлалаа Тамираа.