“Катар 2022” дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд ирэх сараас үргэлжлэн явагдана.
Манай шигшээ баг Япон, Киргиз, Тажикстан, Мьянмарын багийн хамт Азийн бүсийн F хэсэгт өрсөлдөж байгаа. Хэсэгтээ дөрөвт жагсаж байгаа Монголын шигшээ баг 11 дүгээр сарын 19-нд Мандалай хотын “Mandalar Thiri Stadium” цэнгэлдэхэд Мьянмарын багтай тоглоно.
Манай өрсөлдөгч Мьянмарын баг өчигдөр /2019.10.21/ шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаа ажлаас нь халлаа. Тус улсын хөлбөмбөгийн холбооноос “ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууддаа бид задлан шинжилгээ хийж, хангалтгүй гэж дүгнэсэн. Миодраг Радулович манай шигшээ багийн ахлах дасгалжуулагчид тохирохгүй гэж үзэн, гэрээгээ цуцаллаа. Хуучин дасгалжуулагч болох Герман мэргэжилтэн Антуан Хейг буцаан авчирна” гэж мэдэгдлээ.
Мьянмарын баг хэсэгтээ нэг ч оноогүй, хомоол хамж байгаа. Миодраг Радулович энэ оны дөрөвдүгээр сард тус улсын шигшээ багийн дасгалжуулагчийн ажилд орсон. Эхний тоглолтдоо манай шигшээд 0:1 ялагдсан. Дараа нь нутагтаа Японд 0:2 ялагдаж, аравдугаар сарын 10-нд Бишкек хотод Киргизийн шигшээд 0:7 бут ниргүүлсэн билээ.
Антуан Хей 2008 онд Мьянмарын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Гэвч Мьянмарын хөлбөмбөгийн холбооноос черногор мэргэжилтэн Миодраг Радуловичтой гэрээ байгуулсан тул 23 хүртэлх насны залуучуудын багт шилжин ажилласан.
Сэтгэгдэл ( 0 )