Монголын Математикийн холбоо, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургууль хамтран Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит XIX, Говийн бүсийн V олимпиадыг Дундговь аймгийн Мандалговь хотноо энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус олимпиадад Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 5-12-р ангийн 590 сурагч, 60 гаруй математикийн багш оролцож мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө.
Дундговь аймгаас төрөн гарсан сурган хүмүүжүүлэгч, Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзий болон түүний шавь Н.Түвдэн, Ц.Уранчимэг, У.Жаргалсайхан нарын санаачилгаар 2001 онд анх удаа зохион байгуулсан бөгөөд түүнээс хойш 19 жил үргэлжилж, Улаанбаатар хот болон бүсийн аймгуудын шилдэг оролцогчдын зорин ирж өрсөлддөг томоохон талбар болж хөгжжээ.
Тус олимпиадад нийлбэр дүнгээр Өвөрхангай аймгийн “Мэргэд” сургууль тэргүүлсэн байна. Дэд байрыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Цэгц билиг" сургууль, гутгаар байрыг Баянхонгор аймгийн "Алгоритм" сургууль тус тус эзэлсэн юм. Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит "Өлзийт" багшаар “Цэгц билиг” сургуулийн багш Ц.Ганхуяг, "Өлзийт" сурагчаар “Цэгц билиг” сургуулийн төгсөгч Ч.Мөнхзул шалгарлаа.
Сэтгэгдэл ( 0 )