БНСУ-ын үндэсний өдөр тутмын таван том хэвлэлийн нэг “Хангүүг илбү” (Hankооk Ilbо) сонины Хууль, эрх зүй хариуцсан сэтгүүлч Жон Бан Сооктой Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн өдөр тутмын ажил болон хэвлэн нийтлэх орчны талаар ярилцлаа.
-Юуны өмнө “Хангүүг илбү” сонины талаар Монголын уншигчдад товч танилцуулаач?
-“Хангүүг илбү” сонины хувьд 1954 онд анхны дугаараа гаргаж байсан түүхтэй. Өдөрт 210 гаруй мянган хувь хэвлэгдэн дотоодын уншигчдад хүрдэг. Эзэмшлийн хувьд “Тунхуа групп”-т (Dongwha group) харьяалагддаг бөгөөд нийт 200-гаад сэтгүүлч, ажилтантай. Улс төр, эдийн засаг, урлаг соёл, спорт, нийгэм, олон улс гээд албадуудтай. Мөн Дижитал контентын алба ажиллаж, сонины нийтлэлд тулгуурласан болон бусад сэдвээр сонирхолтой мултимедиа бэлтгэдэг. Бид долоо хоногт зургаан дугаар гаргадаг.
Баасан гарагт амралтын хоёр өдрийн дугаарыг хамтатган бэлтгэж, бямбад гаргаад, тэр өдрөө амардаг. Харин ням гарагт шинэ долоо хоногийн эхний өдрийн дугаараа бэлтгэдэг. Манай “Тунхуа групп”-т БНСУ-ын анхны англи хэл дээрх сонин “Корэй таймс” (Korea times) харьяалагдан үйл ажиллагаагаа явуулдаг. 2020 онд 70 жилийн ойгоо тэмдэглэнэ.
-Танай сонины ажил хэрхэн эхэлдэг вэ. Таны хувьд өнөөдрийн ажил юунаас эхлэв?
-Ерөнхий эрхлэгч өглөө бүр бүх алба, хэлтсийн дарга нартай тухайн өдрийн гол сэдвээ хэрхэн сонгох, хэрхэн сурвалжлах талаар хуралдахаас ажил эхэлдэг. Өглөөний шуурхай эхлэхээс өмнө алба, хэлтсийн сэтгүүлчид дотоод хэрэгцээндээ ашигладаг (Dashboard) хэмээх программд тухайн өдөр сурвалжлах, хөндөх сэдвийнхээ талаар хариуцсан салбар салбараараа бичиж үлдээсэн байх ёстой. Үүнийг нь албадын дарга нар уншиж танилцаад, өглөөний хуралд хэлэлцүүлдэг. Тэгээд сэтгүүлч бүрт тухайн сэдвийг сурвалжлах эсэх, нийтлэлээ үргэлжлүүлэх эсэх талаар нь чиглэл, зөвшөөрөл өгдөг.
Миний хувьд өглөө 08.00 цагт прокурор, шүүх рүү утас цохихоос ажил эхэлдэг. Тэгээд тухайн өдөр дэлгэрүүлж сурвалжлах, тодруулах мэдээлэл байгаа эсэхийг лавлаад, өөр мэдээлэл олох, ярилцлага товлох гэх зэргээ шийддэг.
-Албаныхаа зохион байгуулалтыг танилцуулаач. Хууль, эрх зүй гэхээр шүүх, цагдаа, прокурорын байгууллагуудын мэдээллийг хариуцдаг уу?
-Албаны хувьд манайхыг Нийгмийн алба (Social department) гэж нэрлэдэг. Алба дотроо шүүх, прокурор болон цагдааг хариуцах баг гэж хуваагддаг юм. Өөрөөр хэлбэл, тал нь шүүх, прокурорын мэдээлэл, тал нь цагдаагийн мэдээллийг хамаарна гэсэн үг.
-Танай сонины бүтэц Монголын хэвлэлтэй төстэй юм байна. Хуулийн байгууллагын албаны мэдээллээр хязгаарлагдахгүй, хууль зөрчсөн үйлдлийг эрэн сурвалжлах чиглэлээр манай сэтгүүлчид ажилладаг.
-Өмнөд Солонгосын сэтгүүлчид мөн адил. Гэмт хэрэг, хууль зөрчсөн үйлдэл, авлига хахууль зэргийн талаар мэдээлэл олно. Түүнийгээ факт чек хийж, баталгаажуулна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хайна, дата мэдээллийг судална гэх мэтээр ажилладаг.
-Манай улсын хувьд ялангуяа хууль, эрх зүйн албаны сэтгүүлчид бичсэн мэдээлэлтэйгээ холбогдуулан цагдаа, шүүхийн байгууллагад дуудагдах явдал цөөнгүй. Зарим тохиолдолд тухайн сэтгүүлч торгууль, шийтгэл ч хүлээдэг. Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн хувьд ийм асуудал үүсдэг үү?
-Гүтгэлэг тараах, доромжлох, нэр төрд халдсан мэдээлэл гэх мэтэд хариуцлага ногдуулдаг. Монголд бас адил уу?
-Тийм. Гэхдээ өмнө нь энэ зүйл заалт Эрүүгийн хууль буюу цагдан хорих ял шийтгэлтэй байсан. Сүүлд хуульд өөрчлөлт оруулж, 2017 оноос эхлэн мөнгөн торгууль ногдуулдаг болсон. БНСУ-ын хувьд ямар хариуцлага ногдуулдаг вэ?
-Манайд мөн адил гүтгэлэг, доромжлол зэргийг хэрэг зөрчил гэж үзэн, мөнгөн торгууль ногдуулдаг. Гэхдээ энэ торгуулийг авч байсан тохиолдол их ховор.
-Цөөн байдаг шалтгаан нь юутай холбоотой вэ?
-Яагаад гэвэл, хэрэв ийм асуудал үүслээ гэхэд сэтгүүлч болон шүүхийн хооронд Хэвлэлийн арбитрын комисс (Press arbitration commission) ажиллаж, аль болох эвлэрүүлэх, шийтгэл ногдуулахгүйгээр шийдвэрлэх арга хэмжээг авдаг. Бидний өмнөөс ажилладаг гэх үү дээ. Мөн шүүх сэтгүүлзүйн асуудлыг маш эвтэйхэн буюу наана цаанатай хүлээж авдаг. Үнэхээр тухайн хэвлэлийн байгууллагын сэтгүүлчийн алдаа байсан тохиолдолд ихэнхдээ уучлал хүсэх, нийтлэлээ засах арга хэмжээгээр зохицуулахыг чухалчилдаг.
-Тэгвэл энэ үндэслэлээр сэтгүүлчид оногдуулдаг торгуулийн хэмжээ нь хэд вэ?
-10,0-50,0 сая вон. (Төгрөгөөр 22.3 саяас 111.5 сая төгрөг)
-Мөнгөн торгуулийг хувь сэтгүүлч хариуцдаг уу, эсвэл байгууллага уу?
-Байгууллага хариуцлага хүлээдэг. Мөн аль нэг хэвлэлд асуудал үүслээ гэхэд компанийн хуульчдын баг ажилладаг. Тэгээд дээр дурдсан Хэвлэлийн арбитрын комисс байдаг учир ихэнх тохиолдолд хэвлэлийн талд нааштай шийдэгддэг. Хэрэв худал мэдээлэл тараасан, хүн гүтгэсэн нь тогтоогдвол тухайн хэвлэл торгуулиас гадна уншигчаа алдана шүү дээ. БНСУ олон сая хүн амтай ч сонины зах зээлд гол тоглогчид буюу том гэсэн 5-10 өдөр тутмын сонин л бий. Энэ тохиолдолд уншигчаа алдахгүй байх, тэдний итгэлийг хөсөрдүүлэхгүй байна гэдэг маш том хариуцлага.
-Та сэтгүүлч мэргэжлээр хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-“Хангүүг илбү” сонины хууль, эрх зүйн сэтгүүлчээр 3.5 жил ажиллаж байна.
-Нууц биш бол Өмнөд Солонгост орон тооны мэргэжлийн сэтгүүлчийн дундаж цалин хэд байдаг вэ?
-Дөнгөж ажиллаж эхэлж байгаа сэтгүүлч бол дунджаар 2500-3000 ам.долларын цалин авдаг. Харин туршлагажсан, мэргэшсэн байдлаас шалтгаалан цалин өсөж, дунджаар 4000-6000 ам.долларт хүрдэг. Гэхдээ манай улс өртөг өндөртэй шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд танд бичсэн нийтлэлтэйгээ холбоотой асуудал үүсч байсан тохиолдол бий юу?
-Бичсэн нийтлэлтэй холбоотой санал хүсэлт, гомдол ирдэг. Тухайн үед редактор, хэлтсийн даргатайгаа хэлэлцэж байгаад асуудлыг зохицуулдаг. Харин хууль, шүүхийн байгууллагад одоогоор, ер нь бол азаар дуудагдаж үзээгүй байна.
-Тэгэхээр та их гярхай ажилладаг гэсэн үг байх нь?
-“Хангүүг илбү” сонины хувьд аль нэг улс төрийн хүчний талд ордоггүй. Бид асуудалд яг бодитоор хандаж, нийтлэл сурвалжлагаа бэлтгэдэг. Мөн миний хувьд би аливаа мэдээллийг заавал 2-3 эх сурвалжаар баталгаажуулдаг. Дан ганц эх сурвалж хангалтгүй гэж үзэж, заавал факт чек хийдэг. Факт чек буюу баримтыг дахин шалгах, дахин дахин баримтжуулах нь их чухал.
-Таны ярьснаас харахад Өмнөд Солонгост сэтгүүлчийн үйл ажиллагааг хамгаалах орчин их сайн юм гэж бодогдлоо?
-БНСУ-д 1987 онд хувьсгал хийх үед хэвлэлийн эрх чөлөөг анх баталгаажуулсан байдаг. Бидэнд тусдаа бие даасан хууль байхгүй. Гэхдээ Үндсэн хуульд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангалттай тусгаж өгсөн байдаг. Мөн дээр хэлсэнчлэн шүүхийн зүгээс ч сэтгүүлчийг шийтгэхийг урьтал болгодоггүй. Тэд бидний ажлыг ойлгож хүлээж авдаг. Сэтгүүлчдийн эвлэл, эвсэл холбоод мөн бидний ажиллах таатай орчин бүрдүүлэхэд маш сайн анхаарал тавьж, ажиллаж ирсэн гэж боддог. Харин үнэхээр баримтаа баталж чадахгүй, хүн гүтгэсэн хуурамч мэдээлэл тараасан бол торгуулна.
-Гэхдээ дээр дурдсан торгуулийн арга хэмжээ авч шийтгүүлж байсан тохиолдол хэр олон гардаг вэ?
-Миний мэдэхээр гурван жилд нэг удаа л гардаг гэж бодож байна.
-Монголын сэтгүүлчид сониныхоо гол чухал материалыг “Хадаас” гэж нэрлэдэг л дээ. Таны хамгийн шилдэг “хадаас” юу байв?
-2018 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч асан И Мён Бакыг ид шалгаж байх үеэр түүний нарийн бичгийн дарга Ким Хэ Жүнээс ярилцлага авч байлаа. Түүнээс ярилцлага авахын тулд маш их эрэл хайгуул хийж, хадам ээжээр нь дамжуулан холбогдож, эцэст нь утсаар авч чадсан. Тэр ярилцлага нийтлэгдсэний дараа Өмнөд Солонгосын бүх хэвлэл шуугиж, телевизүүдээр миний ярилцлагыг онцлон ярьж байсан. Мөн тэр ярилцлагаар Сэтгүүлзүйн шагнал хүртэж байлаа. Үүнээс гадна маш их хүч хөдөлмөр зарсан олон нийтлэл бий дээ. Сэтгүүлч хүн сайн нийтлэл бичихийн тулд асуудлын гол сэдэв болж буй эх сурвалж дээр биеэр очиж, хэдэн арван цагаар хүлээх, мэдээллийнхээ хойноос эрэл хайгуул хийх гэх мэт олон шаардлага тулгардаг. Ажил тарах цаг сэтгүүлчдэд хэзээ ч тодорхой байдаггүй. Өдрийнхөө нийтлэлийг өгөх сүүлийн хугацаа 17:00 цаг байдаг ч редакторуудын албанаас ирүүлсэн засварыг хийх, маргаашийн материалаа бэлдэх, санаа олох, эх сурвалжуудтайгаа тусгайлсан уулзалт хийх гээд цаг наргүй л ажилладаг даа.
-Таны өнөөдрийн нийтлэлийн сэдэв юу байв?
-Өнөөдөр би нийтлэл бичсэнгүй. Харин маргаашийн дугаарынхаа ярилцлагыг авч чадлаа.
Сэтгэгдэл ( 1 )
хөгжсөн орнуудын сэтгүүлзүйн салбарын санхүүгийн чадамж, хууль эрхзүйн зохицуулалт хэрхэн хийгддэг нь их сонин байна