Чөлөөт бөх: Ираны лиг оросуудын оронд гүрж бөхчүүдийг сонгожээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Ираны чөлөөт бөхийн лигийн шинэ улирал эхэллээ. Энэ жил лигт долоон баг оролцож байгаа. Багууд хоёр хэсэгт хуваагдан, тойргийн системээр өрсөлдөж, хэсэг тус бүрийн шилдэг хоёр баг хагас шигшээд шалгарна. Лигт түрүүлсэн баг 12 дугаар сарын 5-6-нд Тегеранд болох клубийн дэлхийн аваргын тэмцээнд Ираныг төлөөлөх эрх авах юм.  

Нэг багт барилдах гадаад легионерын тоог таваас хоёр болгон багасгасан тул энэ жил алдартай бөхчүүд цөөхөн байна. Орос бөх урихад бөхийн холбоонд нь мөнгө төлдөг болсон тул Ираны багууд энэ удаад орос бөхчүүдийг дуудсангүй.

Лигийн эхний тойргийн барилдаанд гурван гадаад бөх барилдлаа. Тегераны Исламын “Акад” их сургуулийн багт Гүржийн Бека Ломтазе, Азербайжаны шигшээ багийн Георгий Эдишерашвили, Мешхед хотын “Хаштаг Тасабте Жаани Тус” багийн бүрэлдэхүүнд Aзербайжаны Жабраил Гасанов нар барилдаж, бүгд ялалт байгуулсан байна.

“Атрак Хорасан” багт Азербайжаны дагестан бөх Ахмеднаби Гварзатилов элссэн. Мөн Гүржийн Элизбар Одиказе, Гено Петриашвили нарыг авахаар гэрээ хийж эхлээд  байгаа гэнэ. Гено Петриашвилид дөрөв барилдахад 40 мянган доллар санал болгсон нь Ираны лигийн хамгийн үнэтэй гэрээ. Гадаад бөхчүүд дунджаар ялахад 2-3 мянган доллар, ялагдахад 1000 долларын гэрээ байгуулж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top