World Military Games: С.Цэрэнчимэд мөнгө, Э.Даваанасан хүрэл медальтай

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Дөрвөн жил нэг удаа болдог “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадмын чөлөөт бөхийн тэмцээн аравдугаар сарын 21-23-нд БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод боллоо.

Чөлөөт бөхийн төрөлд 42 орны 167 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпын зургаан жинд өрсөлдөв. Манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны долоон тамирчин хүч үзсэнээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Эхлээд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, 2014 оны цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд мөнгөн медаль хүртсэн. Чимэдээ гавьяат Үханьд шөвгийн наймд “Баку-2015” Европын наадмын мөнгө, ЕАШТ-ий хүрэл медальт, цэргийн дэлхийн хошой аварга Польшийн Катаржина Кравчукийг 4:2-оор, хагас шигшээд 2017 оны Европын дэд аварга Беларусийн Катарина Ханчарыг цэвэр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 2014, 2016, 2017, 2018 оны цэргийн дэлхийн аварга, эзэн орны Ли Хуид 3:6-гаар ялагдлаа.

Харин тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд 2018 оны цэргийн ДАШТ, 2019 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан хүрэл медалийн эзэн боллоо.

Ирэх долоо хоногт 23 хүртэлх насны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох түүний хувьд 1/8 шигшээд Нигерийн Реубен Амучечиг цэвэр, шөвгийн наймд Гвинейгийн Фатумата Камараг 2:0-ээр ялж хагас шигшээд “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт Польшийн Агнешка Вейшчект 6:11-ээр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн Дайлан Реисийг 9:5-аар ялснаар өнгөрсөн жилийн цэргийн ДАШТ-ий медалиа цэргийн наадмынхтай ихэрлүүлэв.

Түүнчлэн өнөөдөр 76 кг-д барилдсан ОУХМ Г.Ариунжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017 оны цэргийн дэлхийн аварга Украины Алла Белинскаяд 2:6-гаар ялагдлаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

53 кг.

1. Хо Хва Йон (БНАСАУ). 2. Сузана Георгиана Сейкариу (Румын). 3. Нина Хеммер (Герман), Милана Дадашева (ОХУ).

62 кг.

1. Хьон Гьон Мун (БНАСАУ). 2. Мария Кузнецова (ОХУ). 3. Анастасия Гучок (Беларусь), Лаис Оливейра (Бразил).

68 кг.

1. Фенг Жоу (Хятад). 2. Агнежка Вьезчек Кордус (Польш). 3. Э.Даваанасан (Монгол), Ханум Велиева (ОХУ).

76 кг.

1. Наталья Воробьева (ОХУ). 2. Ванг Гуан (Хятад). 3. Гулмарал Еркебаева (Казахстан),  Алла Белинская (Украин).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top