Прокурорын газарт хянагдаж дууссан болон хянагдаж байгаа зарим хэргүүдийн талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувдаас тодрууллаа.
-Сүүлийн үед олны анхаарал татсан хэргүүдийг прокурорт шилжүүлсэн тухай мэдээлэл бий. Яг одоогоор ямар ямар хэргүүд прокурорт хянагдаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсэн хэргүүдээс дараах хэргүүдийг дурдаж болж байна. Нэгдүгээр нь, Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр нэр бүхий зургаан шүүгчийн хэрэг хянагдаж байна. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга албан тушаалтантай холбогдох хэрэг, Хөгжлийн банкны удирдлагуудад холбогдох, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргүүдийг прокурор хянаж байна.
Харин Ховд аймагт нөхөн сэргээлт хийх нэрээр ашигт малтмалыг хууль бусаар олборлож байсан хэргийг прокуророос хянаад өчигдөр нэмэлт ажиллагаа хийлгэх прокурорын даалгаврыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байна.
-Тэгвэл прокуророос хянаж дууссан, шүүхэд шилжүүлсэн ямар хэргүүд байна вэ?
-Прокуророос хянаж яллах дүгнэлт үйлдээд шүүхэд хүргүүлсэн хэд хэдэн хэрэг бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан, тухайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтан болон Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирал асан нар албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Мөн Монголбанкны ерөнхийлөгч асанд холбогдох хэрэг, Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын албан тушаалтнууд бүлэглэн удаа дараагийн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлдсэн.
Мөн олны танил дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг хянаад мансууруулах бодис хэрэглэсэн, бусдад худалдсан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэж харьяа шүүхэд шилжүүллээ. Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгасан Бүгд найрамдах Нигери улсын хоёр иргэн бусадтай хамтран аж ахуйн нэгж байгуулах нэрийдлээр бусдаас их хэмжээний валют залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
-Монгол улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-Энэ хэрэг мөн прокурорын хяналтын шатанд явж байна.
-Энэ сарын 22-ны өдөр хууль бус мөрийтэй тоглоомын газарт цагдаа нар нэвтрэх гэсэн боловч прокурорын зөвшөөрөл өгөөгүй гэх мэдээлэл гарсан. Ер нь прокурорын зөвшөөрлийг хэрхэн өгдөг юм бэ?
-Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас хэргийн газарт очиж үзлэг хийсэн байгаа. Үзлэгээр тухайн газраас мөрийтэй тоглоом тоглуулах зориулалтын төхөөрөмж илэрсэн учраас Зөрчлийн тухай хуулийн 5.7.2-т зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа прокурорын зөвшөөрөл олгогдоогүй асуудал бол ташаа мэдээлэл юм. Тухайн байгууллагаас прокурорын зөвшөөрөл хүссэн албан ёсны хүсэлт ирээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хэргийн газарт үзлэг шалгалт хийх, эд мөрийн баримт хураах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хийхээр зохицуулсан байгаа. Гэвч эрх бүхий албан тушаалтан зайлшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүйгээр ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Ажиллагааг явуулсны дараа 24 цагийн дотор тухайн ажиллагааг явуулсан үндэслэл, нотлох баримтыг ирүүлж прокурор зөвшөөрлийг хүчинтэйд тооцох эсэх асуудлыг шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай юм.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭМУУСАЙН ДАРГА НАР БАРИГДДАГГҮЙ Л БОЛОХООС БҮГД Л ИДЭЖ УУДАГ ЯАЦАН ХУЛГЙАЧУУД ВЭЭ. ТӨРД ШӨДРӨГӨ ХҮН БНА УУ ХӨӨРХИЙ МОНГОЛОО БОДОХООР ӨРӨВДӨӨД БАЙХ ЮМ. СҮЙРЛЭЭШДЭЭ ЭХ ОРОН ЧИНЬ. ӨЛӨН ГӨЛӨН ХУЛГАЙЧУУДАА