Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Монгол Улс жилд хүлээж авах гадаадын жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэх зорилтыг дэвшүүлсэн.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гадаад улс оронд сурталчлах, маркетингийн үйл ажиллагааг төрөөс дэмжих”-ээр тусгагдсан билээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд аялал жуулчлалын гадаад сурталчилгааны үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын аялал жуулчлал хөгжүүлсэн сайн туршлагыг судлах, нэвтрүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 24-өөс 28-ны өдрүүдэд Япон Улсын Осака хотноо болж буй олон улсын аялал жуулчлалын “Туризм экспо Жапан” үзэсгэлэнд Монгол Улсын аялал жуулчлалыг нэгдсэн бодлогоор сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн Япон улсын гадагшаа зорчих аялал жуулчлалын компаниуд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдыг хамруулсан Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах семинар зохион байгууллаа.
Жил бүр Япон улсын Токио хотод зохион байгуулагддаг олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ жил анх удаа Осака хотод болж буй юм. Энэхүү үзэсгэлэнд Ази тивийн улс орнуудаас гадна дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлж буй улс орнууд оролцдог уламжлалтай. Тухайлбал, энэ удаагийн үзэсгэлэнтэй холбоотойгоор дэлхийн 18 улсын аялал жуулчлалын сайд нарын гуравдугаар уулзалт болж аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх талаар улс орнуудын сайд нар байр сууриа илэрхийлэн хэлэлцлээ.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монгол Улс аялал жуулчлал, зочлох үйлчилгээний нэгдсэн стандарт бий болгох 10 мянга гаруй хүн хамруулсан сургалт, Хөвсгөл, Хэнтий аймгуудад Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж эхэлсэн Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих төсөл , аялал жуулчлалын салбарт дэвшилтэд мэдээллийн технологи нэвтрүүлж байгаа талаар танилцууллаа.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 0 )