Ц.Энхтүвшин “Таван цагариг”
1964 оноос эхлэн Монголын баг, тамирчид оролцсон бүх л олимпод чөлөөт бөхийн төлөөлөл багтаж байсан. Энэ уламжлал энэ удаа ч тасрахгүй. Учир нь “Токио-2020” Олимпын эрх олгох анхны тэмцээн болох 2019 оны ДАШТ-ээс манайх эрэгтэй 65 кг, эмэгтэй 68 кг-д олимпын эрхээ аваад байгаа.
Олимпод эрэгтэйчүүд 57, 65, 74, 86, 97, +125 кг , эмэгтэйчүүд 50, 53, 57, 62,68, +76 кг гэсэн тус бүр зургаан жинд, сонгомолд мөн зургаан жинд, жин бүрд 16, нийт 288 тамирчин оролцоно.
2019 оны ДАШТ-д жин тус бүрд эхний зургаан байр эзэлсэн орнууд эрхээ авсан. Үлдсэн 10 эрхийн 8-ыг нь тивүүдийн Олимпын эрх олгох тэмцээнээр (Aфрик+Далайн орнууд -2, Европ-2, Америк-2, Ази-2), үлдсэн 2 эрхийг Олимпын эрх олгох дэлхийн тэмцээнээр олгох юм. Нэгэнт тухайн жинд эрхээ авсан орон Олимпын эрх олгох тэмцээнд бөхөө оролцуулахгүй.
Манай чөлөөтийнхөнд эрхээ нэмэх хоёр тэмцээн үлдсэн. Эхнийх нь 2020 гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиан хотноо болох Ази тивийн Олимпын эрх олгох тэмцээн. Энэ тэмцээнд жин тус бүрд эхний хоёрт буюу алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүд эрхээ авна.
Харин эндээс эрхээ аваагүй бөхчүүд 2020 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-нд Болгарын Софи хотноо болох Олимпын эрх олгох дэлхийн тэмцээнд мөн л жин тус бүрд алт, мөнгөн медаль авч байж эрхээ авах юм.
Манай чөлөөтийнхөн одоо авсан хоёр эрх дээрээ нэмээд 2-4 эрх авах бүрэн боломж бий.
Сэтгэгдэл ( 0 )