Оросын саперууд Лаост минагүйжүүлэх ажиллагаа явуулж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

ОХУ-ын Зэвсэгт хүчний Олон улсын минагийн эсрэг төвийн саперууд өнөөдөр /2019.10.25/ Лаосын Сиангхоанг мужийн Пхонсаван хотын ойролцоох бүсэд минагүйжүүлэх ажиллагааг эхлүүлжээ.

Оросын цэргийн инженерүүд Лаосын ардын армийн U-58 ангийн алба хаагчидтай хамтран Пхонсаван хотын ойролцоох 120 га бүсэд хүмүүнлэгийн минагүйжүүлэх ажиллагааг явуулж байгаа юм.

Оросын цэргийн инженерүүд 40 см-ээс 2.5 метрийн гүнд булсан минаг хайх, илрүүлэх, үнэлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Лаосын ардын армийн ерөнхий штабын орлогч дарга, хошууч генерал Синсават Поммасакийн онцолсноор, Лаос улсын газар нутагт өнөө хэр олон тооны дэлбэрээгүй мина, бөмбөг зэрэг байдаг. Энэ нь тус улсын олон салбарын дэд бүтцийн хөгжилд саад учруулж байна. Газар нутгийг минаас ангижруулж, цэвэрлэснээр тус мужийн хүн амын аюулгүй байдлыг хангаад зогсохгүй цаашдын хөгжилд онцгой ач холбогдолтой.

Энэхүү хүмүүнлэгийн ажиллагаанд Оросын 34 сапер оролцож байгаа бөгөөд тэд бүгд Лаост өмнө нь ажиллаж байсан туршлагатай.

2018 оны аравдугаар сараас 2019 оны гуравдугаар сарын хооронд Оросын саперууд Лаос улсад 104 га талбайг минагүйжүүлж, нийт 340 бөмбөг, мина зэргийг илрүүлжээ. Эдгээрийн ихэнх нь АНУ-ын нисэх хүчний тэсрэх бөмбөг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top