Байден Украинд явган цэрэг эсэргүүцэх мина илгээх зөвшөөрөл олгов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 20

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд явган цэрэг эсэргүүцэх мина илгээх зөвшөөрөл олгосон тухай “The Washington Post” сонин мэдээлжээ.

Байдены засаг захиргаанаас Оросын давшилтыг удаашруулах чиглэлд хийж чадах хамгийн хэрэгтэй алхам бол Украинд мина нийлүүлэх явдал юм гэж Пентагон үзэж байна. Харин Киев үүний хариуд хүн ам шигүү суурьшсан хотуудад мина байршуулахгүй гэсэн үүрэг амлалт өгчээ.

Үүнээс өмнө Байден Цагаан ордон доторх уур амьсгал болон минажүүлэхийн эсрэг бодлогыг дэмжигчдийн эсэргүүцэлтэй тулна хэмээн болгоомжилж ийм шийдвэр гаргадаггүй байжээ. Байдены Украинд мина нийлүүлэх эл шийдвэрийг хүний эрхийг хамгаалагчид эрс буруутгасан байна. “Human Rights Watch” байгууллагын захирал Мэри Уэрхэм энэхүү шийдвэрийг Вашингтоны хар ул мөр хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн, Байдены засаг захиргаа дайны дараа минагүйжүүлэх ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлнэ гэж амласан байна.

Оттавагийн конвенцын дагуу явган цэрэг эсэргүүцэх мина үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглодог билээ. Тус конвенц 1999 онд хүчин төгөлдөр болж, дэлхийн 164 улс соёрхон баталсан байдаг. Украинд тус конвенцод 2005 онд нэгдэн орсон бол АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Пакистан зэрэг улс оронд нэгдэн ороогүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top